Нийслэл Улаанбаатар хотын 379 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын оюутны холбоотой хамтран Их дээд сургуульд элсэн суралцаж буй хөдөө орон нутгийн оюутнууд болон Монгол Улсад суралцаж буй гадаадын оюутан залуусыг хамруулсан хотын аяллыг 2018 оны аравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд 10 дахь жилдээ зохион байгуулж байна.
Аяллаар нийслэл Улаанбаатар хотын төв цэг жанжин Д.Сүхбаатарын талбай, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Монголын сүүлчийн хаан VIII богд Жавзандамба хутагтын ногоон ордон болох Богд хааны ордон музей, Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан цогцолбор Зайсан толгой, Төрийн Чойжин Лувсанхайдавт зориулан барьсан өргөө Чойжин ламын сүм музей, нийслэл Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжил дэвшлийг харуулсан Улаанбаатар хотын музейг оюутан залууст танилцуулах юм.
Улаанбаатар хоттой танилцах аялалд 5 өдрийн турш бүр өдөр бүр 90 оюутан нийт 450 гаруй оюутнууд хамрагдана. Уг аялалд бакалавр, магистр, докторын шатанд суралцаж буй гадаадын 1-р курсийн 300 гаруй оюутан, орон нутгаас ирсэн 1-р курсийн 100 гаруй оюутан оролцох юм.