Залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох сургалтыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон Аялал жуулчлалын газар хамтран 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байна. Тус сургалтад хөтөч болох сонирхолтой 200 залуучууд хамрагдаж байгаа бөгөөд ирцээ бүрэн хангаж, сургалтыг амжилттай дүүргэсэн залуучуудад батламж олгох юм.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.1-т “Нийслэл Улаанбаатар хот Зүүн хойд Азийн бизнес, соёлын болон дамжин өнгөрөх жуучлалын төв болох” зорилтын хүрээнд залуучуудыг түр болон тогтвортой ажлын байраар хангахаар энэхүү сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Оюутан залуучуудыг хөтчийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамруулснаар тэдэнд онол, практикийн мэдээллүүдийг өгөхөөс гадна санхүүгийн эх үүсвэрээ өөрсдөө бий болгоход нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.” гэж хэлэв.
“Нийслэлийн залуу хөтөч” сургалтад хамрагдсан залуучуудад өнөөдөр хөтчийн ажил үүргийн тухай ойлголт, харилцааны ур чадвар сэдвээр “Эрдэнэ тав” ТББ-ын Тэргүүн Н.Энхбаатар, Монголын Үндэсний Их сургуулийн Аялал жуулчлал, газрын харилцааны сургуулийн Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний тэнхимийн багш Ж.Отгонцэцэг нар мэдээлэл өглөө.
Тус сургалт 5 хоног, нийт 15 цаг үргэлжлэх бөгөөд монгол ахуй, уламжлалт зан үйл, соёлын дархлаа, нийслэл Улаанбаатар хотын түүх, аяллын үед хөтчийн анхаарах зүйл, орон орны жуулчид ба дотоодын аялагчдын онцлог, жуулчны аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? зэрэг сэдвээр залуучуудад мэдээлэл өгөх юм гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Холбоо барих утас: 9812-5557, 9712-5557