“Төр хурах-цэцээ гүн” чиглэлийн явган аяллын замыг тохижууллаа

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо хүрээлэн оршдог дөрвөн их хайрханд явган аяллын замыг тохижуулахаар тусгасан байдаг. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас иргэд, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах, эрүүл орчинд амарч зугаалах орчныг бүрдүүлэх зорилгоор “Төр хурах-Цэцээ Гүн” чиглэлийн явган аяллын замыг тохижууллаа.

Энэхүү бүтээн байгуулалт нь нийслэлд хийгдсэн явган аяллын замын гурав дахь тохижилтын ажил юм. “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн явган аяллын 3.6 км замыг 2016 онд тохижуулж байсан бол өдгөө долоо хоногт 5-10 мянган иргэн, 260-500 авто машин зорчдог нийслэлчүүдийн хамгийн их алхдаг маршрут болжээ. Мөн өнгөрсөн онд Чингэлтэй хайрханы явган аяллын 2.2 км замыг тохижуулсан бөгөөд уг чиглэлийн дагуу долоо хоногт 2 мянга орчин иргэн тогтмол аялж байна.

Энэ удаад Богдхан уулын Төр хурах-Цэцээ гүний чиглэлийн явган аяллын замыг шинэчлэн тохижуулж нийт 8.5 км замд сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, Богдхан ууланд амьдардаг ан амьтдын тайлбар зэргийг байршуулан тохижууллаа.