Айлчлан ирж буй зуны саруудад цэцэг навчис дэлгэрч, байгалийн гоо үзэсгэлэн улам бүр тодрон аялан жуулчлах цаг агаарын хамгийн таатай байдал бүрддэг билээ. Долоо наймдугаар саруудад хамгийн дулаан уур амьсгал зонхилох ба жуулчны оргил үе тохиодог тул нийслэл хот, аймгуудад Наадам, төрөл бүрийн сонирхолтой фестиваль, арга хэмжээнүүд зохион байгуулагддаг.
Дотоодын жуулчид энэ үеэр шинэ газраар аялан зугаалж үзэсгэлэнт байгаль, ховор амьтдыг орчинд нь харж, цоо шинэ мэдрэмж, туршлага, онцгой дурсамжийг олж авахыг эрмэлздэг билээ. Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа иргэдэд зориулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбооноос мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, эх орны үзэсгэлэнт газрууд болон гадаад орноор хямд өртгөөр аялах боломжийн талаар мэдээллийг нэг цэгээс авах, дотоодын аялагчдын байгаль орчинд ээлтэй аялах мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэнг дөрөв дөх жилдээ зохион байгуулах гэж байна. Зургадугаар сарын 2,3-ны амралтын өдрүүдэд “Цайны замаар аялахуй” уриан доор Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулагдах тус үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр аялал жуулчлалтай холбогдолтой бүх төрлийн үйлчилгээний мэдээллийг нэг дороос авч болох ба үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдах аялал жуулчлалын шинэ тренд болж буй аяллын маршрутууд таны энэ зуны аяллын төлөвлөгөөнд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Энэ жил БНХАУ-ын 50 гаруй байгууллага оролцож байгаагаараа онцлог болно хэмээлээ.
Үзэсгэлэнд аймгуудын аялал жуулчлалын газрууд, Горхи Тэрэлж болон Богдхан уулын ТХГ, Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, БНСУ-ын “KTO Улаанбаатар” төлөөлөгчийн газар, Тайванийн төлөөлөгчийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төрийн болон аялал жуулчлалын байгууллагууд, сувилал амралтын газрууд, музей үзмэрийн газрууд, тур оператор байгууллагууд, гэр баазууд, банк, аяллын даатгалын компаниуд оролцоно.
Арга хэмжээний үеэр “Ulaanbaatar travel cup” хөл бөмбөгийн тэмцээн болон аяллын сургалт, лекц семинарт оролцон Улаанбаатар чуулгын уран бүтээлчдийн үндэсний урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан гайхамшигт тоглолтыг сонирхох боломжтой.