ШУВУУЛАХУЙН УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛ БА МОНГОЛ УЛС

ШУВУУЛАХУЙН УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛ БА МОНГОЛ УЛС

Шувуулахуйн соёл нь тэртээ 6000 жилийн өмнөөс өнөөг хүртэл харцага, шонхор, бүргэд зэрэг махчин шувууг гаршуулан дасгаж, ан авд сургадаг Төв Азийн нүүдэлчин ард түмний зан заншил юм.

Түрэгийн үед махчин шувуудыг гаршуулан тэжээж ан авд ашиглаж байсан нь тэр үеийн чулуун хөшөө дурсгалуудад үлдсэн байдаг. Францын элч Рубрук 1253-1255 онд ирэхдээ бичсэн замын тэмдэглэлд “нүүдэлчид шонхор мэтийн махчин шувуудыг баруун гартаа суулган, нүдний даруулга өмсгөн авч явдаг байсан”, Марко Поло “Их Хаан 10 мянган нөхдийн хамт 500 шонхортойгоо ан авд гарч зугаацдаг” тухай тэмдэглэжээ.

burged

Монгол Улсын казах үндэстнүүд ан авд цармын бүргэдийг (Golden eagle) ашигладаг нь дэлхийн олон оронд байхгүй уламжлалт соёлын хэлбэр билээ. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаар тархан нутагладаг цармын бүргэд нь харцагынхан овгийн хүчирхэг махчин шувуу бөгөөд 500-1000 метр өндрөөс хулгана, зурам андахгүй хардаг хурц хараатай, үнэг, хярс, туулай, тарвага зэргээр хооллодог.

Анч бүргэдэд голдуу эм бүргэдийг сонгох ба нисэх чадвараа олсон идэш тэжээлдээ явж сурсан бүргэдийг барьж авч тэжээхэд харьцангуй номхон, хурдан сурдаг, өөрийн хүчинд тохирсон амьтан руу довтолдог, гэрийн мал руу дайраад байдаггүй.

Баян-Өлгий аймагт тэжээгдэж буй бүргэдийн 70 хувь нь 1-4 настай бөгөөд 5-6 насанд нь байгальд буцааж тавьдаг. Ийнхүү буцаах нь эргээд нөхөн үржих, тоо толгой өсөхөд хэрэгтэй ажээ. Бүргэд шувуу 30-50 жил насалдаг байна. Бүргэдчидийн 80 хувь нь 30-70 насны хүмүүс байдаг бол нийт бүргэдчидийн 260 нь 1-6 бүргэд тэжээдэг ба 50 хүртэл бүргэд тэжээдэг бүргэдчин ч байдаг. Одоогийн байдлаар Монголд 400 гаруй бүргэдчин байна.

Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, Чингис Хааны Хүрээ ХХК болон Монголын Бүргэдчид холбоо хамтран “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг энэ сарын 04-05-ны өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна.

34 copy

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсаж орж ирдэг. Үүний дараа Бүргэдийн баярын гол арга хэмжээ болох бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээнүүд явагддаг. Бүргэдийг уулын оройд байрлуулж, сургасан эзэн нь уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ таньж, гарын шуун дээр ирж суух ёстой. Хамгийн хурдан хугацаанд сүрлэг дэвэлттэй ирж, эзнийхээ шуун дээр суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулна. Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж давхиж, бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгадаг.

Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан байна.

2