МӨСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ УАШТ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БОЛНО

МӨСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ УАШТ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БОЛНО

“… Анх урьд анд бололцоход Тэмүжин арван нэгэн настай байсан билээ. Тэр цагт Жамух нэгэн гурын шагайг Тэмүжинд өгч, Тэмүжин нэгэн цутгамал шагайг Жамухад өгч, Ононы мөсөн дээр шагалцан наадаж анд бололцсон билээ. Түүний хойд хавар алангир нумаар харваж байхад Жамух бярууны хоёр эврийг нааж нүхэлж хийсэн дуут сумаа Тэмүжинд өгч, Тэмүжин арц модон годилоо Жамухад өгч анд бололцов. Хоёр удаа анд бололцсон ёс ийм билээ

 “Монголын Нууц Товчоо”-ны 116 дугаар зүйл

Монгол үндэстний түүхэн сурвалж бичиг болох “Монголын Нууц Товчоо”-нд ийнхүү мөсний шагайн тухай маш тодорхой дурдсан байдаг. Энэ нь XIII зууны үед Монголчууд мөсний шагай харваж тоглож байсан тухай баттай баримт юм.

Монгол эрчүүдийн авхаалж самбаа, хурц хараа, түргэн сэтгэх чадвар, бие бялдрын хөгжил, тэсвэр хатуужил, төлөвшлийн хэрэглүүр болж зөвхөн үндэсний спортын төрөл бус Монгол үндэстний оюуны гайхамшигт сэтгэлгээ, ахуйн болон зан үйлийн гүн гүнзгий утга бүхий соёлын биет болон биет бус нандин өвийн илэрхийлэл болсон мөсний шагай нь энэ олон зуун жилийг элээн бидэнд уламжлагдан иржээ.

Манай ард түмний энэхүү өнө зууны түүхтэй уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэх, харваачдийн залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчлан цаашид төгөлдөржин хөгжих үндэс, нөхцөлийг бий болгох зорилгоор Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбооноос “Мөсний шагайн харваа”-ны УАШТ-ийг энэ оны 02 дугаар сарын 02-04-ны өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулна.

Тус наадамд Архангай, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Дорнод, Сэлэнгэ зэрэг аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдийн төлөөлөл болох нийт 10 аймаг, нийслэлийн 7 дүүргээс нийт 200 гаруй харваачид оролцоно.

Мөсний шагай харвааны талбайг дэвжээ гэж нэрлэх бөгөөд дэвжээний өргөн 3-5 метр, урт 60-90 метр зайтай байдаг бөгөөд уламжлалын дагуу усны урсгал дагуу сум харвадаг байна. “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр сонирхогчдод зориулан тусгай талбай зассан байх тул айлчлан ирж буй Шар Нохой жилийн аз хийморийг мөсөн шагайн харваагаар шинжихийг урьж байна.