Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран жил бүрийн 2 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой юм.
Тус наадмын үеэр Монгол улсын өнцөг булан бүрийн сур болон шагай харваачид идэр есийн хүйтнийг үл ажран цэц мэргэнээ сорьж улсын аваргаа шалгаруулна. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирнэ.
Зохион байгуулагдах арга хэмжээнүүд
- Урлагийн тоглолт
- Мөсөн сурын улсын аварга шалгаруулах тэмцээн
- Мөсөн шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн
- Рагбигийн Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн
- Цанын сонирхогчийн тэмцээн
- Тэшүүрийн үзүүлбэр
- Снөүбоардын тэмцээн
- Мөсөн шатрын сонирхогчийн тэмцээн
- Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
- Мото мотоциклийн үзэсгэлэн, үзүүлбэр, парад
- Нохой чарганы үйлчилгээ
- Өвлийн дугуйны үйлчилгээ
- Гэр бүлийн буухиа тэмцээнүүд
- Параглайдингийн үзүүлбэр
- Олс таталтын тэмцээн
- Хамгийн сайхан үндэсний хувцастай шилдэг хороо болон эрэгтэй, эмэгтэй, гадаад оролцогчийн шалгаруулалт
Тэмцээний болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтойгоороо онцлогтой. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 02-р сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус наадамд Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоён өргөнөөр оролцохыг иргэд нийслэлчүүддээ уриалж байна.