Нийслэлийн Аялал жуулчлалын газар Байгаль орчин, Аялал жуулчлалын яамтай хамтран дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, олон улсын туршлагаас суралцах, тус салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор “Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сэдэвт сургалт эхний өдрөө зохион байгуулагдаж байна.
Сургалтыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зөвлөх, зочлох үйлчилгээний олон улсын эксперт, сургагч багш, судлаач Стив Нөүкс удирдан явуулж байгаа бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв, дүүргүүдийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, 21 аймгийн аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, аялал жуулчлалын багш, судлаачид, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдээс нийт 150 хүн хамрагдаж байна.
Сургалтыг нээж БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С. Бат-Эрдэнэ үг хэллээ
Энэхүү сургалт 3 өдөр үргэлжлэх ба хоёр өдөр танхимын сургалт, нэг өдөр техникийн сургалт явагдана. Чингис хаан зочид буудлын “Хаан танхим” болон Горхи-Тэрэлжийн цогцолбор газарт явагдах энэхүү эрчимжүүлсэн сургалтаар “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд түүнийг аялал жуулчлалтай холбох нь”, “Тогтвортой аялал жуулчлал ба хөгжил” зэрэг сэдвээр өргөн хүрээний мэдлэг олгох юм. Мөн сургалтад бүрэн хамрагдсан оролцогчдод сертификат олгох болно.
Ноён Стив Нөүкс аялал жуулчлалын салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа арвин туршлагатай мэргэжилтэн бөгөөд сүүлийн 25 жилийн хугацаанд тэрбээр Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпорац, Азийн Хөгжлийн Банкны болон бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийн тогтвортой аялал жуулчлалын төслийн зөвлөхөөр хамтран ажиллаж байна.