Япон улсын Токио хотод жил бүр зохион байгуулагддаг ЖАТА олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2017 оны 9-р сарын 21-24-ний өдрүүдэд 40 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдсан билээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгохоор тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд Монгол улс болон нийслэл Улаанбаатар хотыг сурталчлах, Япон улсын жуулчдын сонирхлыг татах зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газраас анх удаа нэгдсэн зохион байгуулалттайгаар БОАЖЯ, МИАТ ХК, Бирга Тур ХХК, Цэцэг зочид буудал, Говь Тур ХХК, Айрис Турс ХХК, Жигүүр ХХК, Жуулчин ХХК, Летс Трэвел ХХК, Номадик Туризм аялал жуулчлалын агентлаг, Ялгуун брэндтэй хамтран эх орноо сурталчлан тус үзэсгэлэнд амжилттай оролцсон байна.
Дэлхийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол улсын эзлэх байр суурийг баталгаажуулах, сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм.
Үндэсний хувцасны уламжлалт элементүүдийг орчин үеийн уур амьсгалд оруулснаар дахин давтагдашгүй стиль бүрдүүлэн эх нутагтаа хийгдсэн торгон утсаар, дотооддоо үйлдвэрлэл явуулдаг Yalguun Accessories брэнд торгон алчуурыг тансаг хийцтэй атлаа өдөр тутмын хэрэглээ болгож чадсан бөгөөд Монголд хүрэлцэн ирэх олон мянган жуулчдад улсынхаа түүх, соёлыг агуулсан чанартай бүтээгдэхүүн санал болгох үүднээс НАЖГ-тай хамтран тус үзэсгэлэнд ивээн тэтгэгчээр оролцож чин сэтгэлээсээ дэмжин ажилласан Ялгуун Аксесорис ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Ялгуун брэнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 2018 онд оролцох олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдийг ивээн тэтгэж ажиллахаар болсон байна.