НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас санаачлан жил бүрийн 9 дүгээр сарын 27-ны өдрийг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэн жил бүр өөрийн гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
37 дахь жилдээ тэмдэглэж буй Дэлхийн аялал жуулчлалын өдөр нь энэ жилийн хувьд 2017 оныг “Хөгжлийн төлөөх тогтвортой аялал жуулчлалын жил” болгон зарласантай холбогдуулан Монголын аялал жуулчлалын салбарынхан нэгдэж дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран “Нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 09 сарын 27-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулав. Хуралдааны үеэр “Монголын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага”, “Торгоны замын аялал жуулчлал”, “Цайны замын аялал жуулчлал”, “Гэр-Нүүдлийн аялал жуулчлал”, “Монголын нүүдлийн соёлын биет болон биет бус өвүүд”, “Торгоны замын улсуудын аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд” зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавигдаж байна.
Мөн Сүхбаатарын талбайд өнөөдөр “Аял. Таашаа. Хүндэл” сэдэвт хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй аялан жуулчлахыг сурталчлах өдөрлөг болж байгаа бөгөөд Аялал жуулчлалын компани, уул, аяллын клубүүдийн “Эко аялал” танилцуулга арга хэмжээ болон “Бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол” сэдэвт их дээд сургуулийн аялал жуулчлалын оюутнуудын дунд зохион байгуулагддаг Гранд тур улсын олимпиадад түрүүлсэн оюутнуудад шагнал гардуулах ёслол болно. Тус өдөрлөгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Б.Пүрэвжав, Монголын Аялал жуулчлалын Холбооны гүйцэтгэх захирал Л.Тэмүүлэн нар нээв. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Монголын аялал жуулчлалын салбарт ажиллаж байсан ахмадууддаа, одоо энэ салбарын эд эс болсон хамтран зүтгэгч та бүхэндээ, эрдэмтэн судлаач багш нартаа ирээдүйг авч явах оюутнууддаа сайн сайхныг хүсч дахин баярын мэнд хүргье. Дэлхий дээр аялах хүсэлтэй шинийг мэдрэх зорилготой хүмүүсийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байна. Бид энэ хүмүүсийг гайхалтай сайхан байгалиараа, найрсаг зочломтгой ёс заншлаараа, нүүдэлчин ахуй соёлоороо, нүдэнд дулаахан инээмсэглэлээрээ, сэтгэлд хоногших үйлчилгээгээрээ дахин дахин эх орондоо урих болноо” хэмээн онцоллоо.
Үүнээс гадна Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан Аялал жуулчлалд ээлтэй сэтгүүлчдийн клуб байгуулагдана. Энэ нь аялал жуулчлалыг олон нийтэд сурталчлах, дотоодын жуулчдыг мэдээллээр хангах, боловсролыг дээшлүүлэх өндөр ач холбогдолтой юм.
Байгальд эко аялж эх дэлхий, эх орноо хамтдаа хайрлан хамгаалцгаая
#WTD2017 #IY2017 #TravelEnjoyRespect #SDGs