АЗИЙН ХАМГИЙН ТОМ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН  ҮЗЭСГЭЛЭН ТОКИО ХОТОД БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

АЗИЙН ХАМГИЙН ТОМ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ТОКИО ХОТОД БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Япон улсын Токио хотод жил бүр зохион байгуулагддаг ЖАТА (JATA Tourism Expo) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2017 оны 9-р сарын 21-24-ний өдрүүдэд 40 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Япон улсын иргэд хамгийн их аялдаг болон аялалд хамгийн их мөнгө зарцуулдаг жуулчдын тоонд ордог бөгөөд 2016 онд 17,116,420 иргэд гадаад улсууд луу жуулчилсан байна. Үүнээс БНХАУ-д 2,497,700, ОХУ-д 84,631, Монгол улсад 19,985 Япон жуулчид зорчсон байна. Монгол улсад ирж буй жуулчдын статистик үзүүлэлтийг БНХАУ, ОХУ, БНСУ, Япон болон АНУ-ын жуулчид тэргүүлдэг. Япон жуулчид дунджаар хоёр жилд 3-с илүү аялан, нэг аялалд 1,000–2,000 ам.доллар зарцуулж, 2-3 одтой буудалд буудалладаг ба аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, үнэ чанарын нийцэл, дэлгүүр хэсэх мөн алхаж аялахыг чухалчилдаг байна.

Сүүлийн жилүүдэд Япон жуулчдын Монгол улсад аялах эрэлт өсч байгаатай холбогдуулан Монгол улс болон нийслэл Улаанбаатар хотыг сурталчлах, тус улсын жуулчдын сонирхлыг татах зорилгоор анх удаа Нийслэлийн Аялал жуулчлалын газраас нэгдсэн зохион байгуулалттайгаар БОАЖЯ, МИАТ ХК, Бирга Тур ХХК, Цэцэг зочид буудал, Говь Тур ХХК, Айрис Турс ХХК, Жигүүр ХХК, Жуулчин ХХК, Летс Трэвел ХХК, Номадик Туризм аялал жуулчлалын агентлаг, Ялгуун брэндтэй хамтран эх орноо сурталчлан тус үзэсгэлэнд оролцлоо.

09-р сарын 21-22-ны өдрүүдэд Олон улсын аялал жуулчлалын форум болон бизнес уулзалтын өдрүүд болж өнгөрсөн ба 09-р сарын 23-ны өдөр болсон олон нийтэд зориулсан үзэсгэлэнгийн өдрүүдийн нээлтэд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Япон Улсын Элчин Сайдын яамны Түр хамаарагч Д.Батжаргал нараар ахлуулсан албаны төлөөллүүд оролцлоо.

IMG-6700

Монголын талын зохион байгуулагчид Монгол улсын үзэсгэлэнгийн танхимын дизайныг Монгол уламжлал, ёс заншил, нүүдэлчин ахуй, үндэсний хэв маягийг орчин үеийн өвөрмөц шийдэлтэй хослуулсан загвараар тохижуулсан нь дэлхийн 150 орнуудын аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд оролцож буй тус үзэсгэлэнгээс Монгол Улсын үзэсгэлэнгийн талбайн тохижилт онцгойрч олон орны жуулчдыг татаж байлаа. Улаанбаатар чуулгын уран бүтээлчид 09-р сарын 23-24-ны өдрүүдэд Монголын түүх, соёл, угсаатны өв уламжлалаа дэлхий дахинаа өргөн сурталчлан үндэсний урлагийн концертыг дэлхийн олон орноос хүрэлцэн ирсэн зочдод толилууллаа.

Дэлхийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол улсын эзлэх байр суурийг баталгаажуулах, сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой ажээ. 

setguul

Япон улсын Токио хот луу МИАТ ТӨХК 1996 оноос шууд нислэг үйлддэг болсон нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, аялал жуулчлал, худалдаа эдийн засаг зэрэг салбарыг олон талаар хөгжүүлэн өндөр түвшинд хөгжүүлэх үүд хаалгыг нээж, хоёр улсын иргэдийн харилцан зорчих боломжийг хялбаршуулж цаг хэмнэж, тав тухтай аялах давуу талыг олгодог юм.

Үндэсний хувцасны уламжлалт элементүүдийг орчин үеийн уур амьсгалд оруулснаар дахин давтагдашгүй стиль бүрдүүлэн эх нутагтаа хийгдсэн торгон утсаар, дотооддоо үйлдвэрлэл явуулдаг Yalguun Accessories брэнд торгон алчуурыг тансаг хийцтэй атлаа өдөр тутмын хэрэглээ болгож чадсан бөгөөд Монголд хүрэлцэн ирэх олон мянган жуулчдад улсынхаа түүх, соёлыг агуулсан чанартай бүтээгдэхүүн санал болгох үүднээс НАЖГ-тай хамтран тус үзэсгэлэнд ивээн тэтгэгчээр оролцож байгаа нь онцлог болж байна.

« of 14 »