БҮРГЭДИЙГ БАЙГАЛЬД ТАВЬЖ ЯВУУЛАХ ЁСЛОЛ БОЛНО.

БҮРГЭДИЙГ БАЙГАЛЬД ТАВЬЖ ЯВУУЛАХ ЁСЛОЛ БОЛНО.

Бүргэдээр ан хийх уламжлал сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд танигдаж, уг уламжлалыг сонирхох жуулчдын тоо жилээс жилд өссөөр байна. Гадаад, дотоодын жуулчдын сонирхол, хэрэгцээнд нийцүүлэн бүргэдийн баярыг жилд хоёр удаа зохион байгуулж байгаа бөгөөд жуулчдын хамгийн ихээр сонирхдог эвент арга хэмжээний нэг болон хөгжиж байна. Бүргэдийн баяр арга хэмжээ нь өргөжин тэлэх тусам олон сөрөг үр дагаврыг дагуулж байна.

21622229_1451307651612371_1122638458_n

Үүний тод жишээ нь зөвхөн жуулчдад үзүүлэх зорилгоор бүргэдийг гаршуулахгүйгээр барьж уях, ихэнхдээ эрэгчин бүргэдийг барьж гаршуулснаас болж үржилд орох хугацаанд эрэгчин бүргэдийн тоо толгой хүрэлцэхгүй байх, тоо толгой нь өсөх боломжийг хязгаарлах, бүргэдийг гаршуулж сургах үндсэн уламжлал алдагдах зэрэг асуудлууд тулгарч байна. Өнгөрсөн жил Улаанхус сумын нутаг дэвсгэрт жилийн турш 4-5 эрэгчин бүргэд үзэгдсэн тухай “Алмакөк” бүргэдчидийн холбооноос мэдээлэв. Энэ нь сүүлийн жилүүдэд эрэгчин бүргэдийг ихээр барьж, байгальд буцааж тавьж явуулаагүйн улмаас байгальд үржилд орох бүргэдийн тоо эрс багассаныг харуулж байна. Бүргэдийн тоо толгойг өсгөх, бүргэдээр ан барих уламжлалыг хэвээр нь хадгалах, гаршуулж 4-5 жил болсон бүргэдийг байгальд тавьж явуулах зорилгоор “Алмакөк” бүргэдчидийн холбоо “Бүргэдийг байгальд тавьж явуулах ёслол”-ыг 2017 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Алмакөк” төбе \толгой\-д зохион байгуулна. Энэхүү арга хэмжээ нь анх удаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд цаашид тогтмол зохион байгуулж, жил бүр гаршуулж 3-4 жил болсон 5-10 бүргэдийг байгальд тавьж явуулна. Арга хэмжээг санаачлан зохион байгуулагч “Алмакөк” бүргэдчидийн холбоо нь Казах үндэсний шувуулахуйн уламжлал буюу бүргэдээр ан хийх уламжлалыг хадгалах, бүргэдийг хайрлаж, эх дэлхийг хүндэтгэх, бүргэдийг гаршуулах арга ухааныг ахмад үеэс суралцах, гаршуулж удсан бүргэдийг байгальд тавьж явуулж, хүндэтгэл үзүүлэх зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулах зорилготой 2017 оны 04 дүгээр сард байгуулагдсан төрийн тус байгууллага бөгөөд эдүгээ холбооны бүрэлдэхүүнд 40 гаруй бүргэдчид сайн дураараа нэгдсэн байна.

21584981_1451307684945701_1444595384_n