Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Залуучуудын хөгжлийн газраас хамтран “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр 14.00-18.00 цагийн хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.
Тус наадам нь даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн нүүдэлчдийн соёлын чухал хэсэг болсон Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхийн нийтэд гайхуулан сурталчлах мөн жуулчдын сонирхлыг татсан томоохон арга хэмжээ юм.
Дээлтэй Монгол наадмын нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Монгол туургатны дээл хувцас нь монголчуудын ёс заншил, цаг агаар, аж ахуй, амьдралын хэв маягтай холбоотойгоор бүрэлдэж, өнөөдрийг хүртэл өвөрмөц донж төрхийг агуулан хөгжин шинэчлэгдсээр байна. Үндэсний хувцсаар дамжуулан залуу хойч үедээ түүх, соёлоо уламжлан үлдээх, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах зорилготой анх зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ өдгөө улс, хотдоо зочид жуулчдыг татах нэгэн чухал наадам болж чаджээ гэдгийг онцлов. Тэрбээр Улаанбаатар хотыг бүс нутгийн бизнесийн төдийгүй соёлын аялал жуулчлалын нэгэн төв болгон хөгжүүлэхэд “Дээлтэй Монгол” наадам тодорхой түлхэц үзүүлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өдгөө бага наадам хэмээн нэрлэгдэх болсон энэхүү арга хэмжээ тив дэлхийд алдаршсан, олон арван мянган жуулчныг даллан дуудсан соёлын арга хэмжээ болохыг ерөөгөөд та бүхэндээ хотол түмнээрээ сайхан наадахын ерөөл дэвшүүлье” хэмээн мэндчиллээ.
Наадмын энэ жилийн гол онцлог нь хамгийн том Хүннү дээлийг дэлгэж үзүүлсэн бөгөөд Киви хамтлагийн дуучин Ука ерөнхий дүр төрх болж ая дуугаа өргөсөн явдал байлаа. Арга хэмжээний үеэр “Монгол костюмс”, “Шилмэл загвар” зэрэг үндэсний хувцасны тэргүүлэх агентлагууд, чөлөөт уран бүтээлчид, үндэсний хувцас урладаг байгууллагууд шилдэг коллекцуудаа танилцуулж уран бүтээлчид ардын урлагийн тоглолт, ёохор хатирах, Хүннүгийн дэвсэх бүжгийг толилуулав. Мөн эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон тойрон бүжгийг оролцогчдын дунд зохион байгууллаа.
“Дээлтэй Монгол” наадмын баярын параданд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Багахангай, Налайх дүүргүүд, Хүүхэлдэйн театр, Нийслэлийн гэрлэх ёслолын ордон, “Мөнхтэнгэр оньс” төв, “АПУ” ХК, “Амин тоонто” ТББ, Монголын Сурагчдын холбооны төлөөлөл оролцож Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ гайхуулахаас гадна хамт олны эв нэгдэл, эрч хүч, зохион байгуулалтаараа үзэгч олныг алмайрууллаа.
Нийт оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдгүүдээ шалгаруулан урамшуулав. Үүнд:
- Шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүргээр Чингэлтэй дүүрэг тэргүүн байр, Сүхбаатар дүүрэг дэд байр, Хан-Уул дүүрэг гурав дугаар байрыг тус тус эзэллээ. Шилдэг байгууллагаар тэргүүн байрын шагналыг баярын жагсаалын оролцоо, зохион байгуулалт, идэвх, санаачлага, жагсаалын зохион байгуулалт, агуулга, найруулгаараа онцгойрч Хүүхэлдэйн театр гардан авав. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир нар шагналыг гардууллаа.
- Хамгийн сайхан дээлтэй хосын тэргүүн байрын шагналыг Зоригтбаатар, Эрдэнэцэнд нар эзэлсэн бол дэд байрыг Казак түмний төлөөлөл Ермураб, Долгорсүрэн, гурав дугаар байрыг Буриад ахмад настангууд болох Базаргүр, Долгорсүрэн нар эзэллээ.
|
- Шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогчийн төрөлд Холбооны Бүгд Найрамдах Герман, Франц, Итали, Их Британи, БНХАУ, Өвөр Монголын Өөртөө Засах Орны төлөөлөл оролцсоноос эрэгтэй шилдэг гадаад оролцогчоор Франц улсын иргэн Стийв Морал, эмэгтэй шилдэг гадаад оролцогчоор Итали улсын иргэн Робин Бини Шнайдер нар тодорлоо.
- Шилдэг эрэгтэй үндэсний хувцастай оролцогчоор Баянзүрх дүүргийн иргэн Намжилдорж, шилдэг эмэгтэй үндэсний хувцастай оролцогчоор Чулуунцэцэг, шилдэг хүүхдүүдээр Батмөнх, Мөрөн нар шалгарлаа. Мөн үндэсний хувцастай ирсэн хүүхдүүдэд ивээн тэтгэгчийн гарын бэлгийг гардууллаа.
Шагналыг шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал, Соёл судлалын ухааны доктор, профессор Ш.Эрдэнэцэцэг, ОХУ-ын Буриад улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соёл судлаач Л.Оюунцэцэг, Боловсролын тэргүүний ажилтан СТА М. Баасандорж нар гардуулав. Соёл судлаач Л.Оюунцэцэг Монголчууд үндэсний дээл хувцсаа оёдог, өмсдөг, бахархдаг болсныг бэлэгшээн үндэсний уламжлалаа хадгалан үлдээхийн тулд Монгол дээл хувцасны язгуур хэв шинжийг хадгалан хэвээр нь өмсөх, зүүх, оёх ёстой бөгөөд дээл нь арвин их түүхтэй учир түүх соёлоо сайн судлах хэрэгтэйг онцлов.
Наадмын үеэр асар майханд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн бизнес эрхлэгчид, Монголын ур урлалын холбоо, Түмэн торго ХХК-ийн хамт олон болон хувиараа бизнес эрхлэгчид Монгол үндэсний дээл, хувцас хэрэглэл, Монгол болон Казак гэр, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаагаа наадамчин олонд дэлгэлээ.
Дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдож анхаарлын төвд орсон дахин давтагдашгүй, чамин хийц, өнгө загвартай Монгол бахархал болсон дээл хувцсаа олон улсад сурталчлан таниулах, Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст түүх, соёл өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол” наадмыг жил бүр зохион байгуулж байгаад наадамчин олон баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Тухайлбал, Ахмадын мастеруудын гүйлтийн тэмцээний 2017 дэлхийн аваргын мөнгөн медальт Гүнчин овогтой Аюур гуай гурав дахь удаагаа тус наадамд хөдөө орон нутгаас зорин ирж үргэлж сайхан сэтгэгдэлтэй байдаг бөгөөд ирэх жил заавал дахин оролцоно гэдгээ илэрхийллээ.
|
Мөн Австрали улсын иргэд Монголчуудыг найрсаг зантай, аз жаргалтай ард түмэн болохыг онцлоод Монгол дээл хувцасны чамин тансаг байдал, наадмын уур амьсгал, гайхамшигт парад болон Монголчууд үндэсний хувцсаа бахархалтайгаар өмсөн баяр баясгалантай наадамлаж байгааг магтан сайшаав.
|
Уг наадмыг гадаад дотоодын нийт 30 гаруй хэвлэл мэдээллийн алба сурвалжлав.
Ерөнхий зохион байгуулагч:
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
- Нийслэлийн Аялал жуулчлалын газар
- Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар
- Монголын Аялал жуулчлалын холбоо
- Монгол костюмс ХХК
Хамтран зохион байгуулагч:
- Нийслэлийн Соёл Урлагийн газар
- Дүүргүүдийн Засаг даргын тамгын газрууд
- Улаанбаатар чуулга
Ивээн тэтгэгч:
- АПУ ХК
- Батзүү ХХК