Үйлчилгээний ажилтны ёс зүйн дүрэм батлагдав.

Үйлчилгээний ажилтны ёс зүйн дүрэм батлагдав.

          Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад, дотоодын иргэд жуулчид Улаанбаатар хотод тав тухтай, сэтгэл ханамж өндөртэй, аялах нөхцөлийг бүрдүүлж, аялал жуулчлалын зочлох үйлчилгээний байгууллагуудын стандартыг олон улсын жишигт хүргэх, үйлчилгээний соёл, чанарыг сайжруулах зорилт тусгагдсан билээ.

        Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн А/42 дугаар тушаалаар Нийслэлийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, дэн буудал, жуулчны бааз, аж ахуйн нэгжийн үйлчилгээний ажилтнуудын “Ёс зүйн нийтлэг дүрэм”-ийг батлан гаргалаа.

Энэ дүрэм нь зочлох үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээ, ажлын үзүүлэлт, үйлчилгээний ажилтнуудын баримтлах зарчим, хувцаслалт, соёл, гадаад төрх, үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа, тэдний ажлын байранд тавигдах ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэхэд чиглэх юм.

           Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дээрхи нийтлэг дүрмийг мөрдүүлэх чиглэлээр  үйлчилгээ эрхлэгчдэд зориулан сургалт хийх, гарын авлага бэлдэж өгөх, хэвлэл мэдээллээр сурталчлах ажлуудыг зохион байгуулахаас гадна зочид буудал, жуулчны баазын стандартыг тогтоож, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохдоо энэ дүрмийн хэрэгжилтийг харгалзан дүгнэх болжээ.

          Нийслэл Улаанбаатар хот нь дотоод, гадаадын жуулчдын аялах, зочлох, дамжин өнгөрөх аялал жуулчлалын гол төв бөгөөд зочлох үйлчилгээний 500 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж, зочид, жуулчдад үйлчилгээ үзүүлж байна.

Үйлчилгээний ажилтны ёс зүйн дүрэм