“Цайны зам” эрдэм шинжилгээний анхдугаар хурал өчигдөр болж өнгөрлөө. Тус хурлын үеэр судлаачдын хамтарсан “Цайны зам” номын нээлт болсон юм. 1728 онд Монголтой Хиагтын гэрээ байгуулсан. Үүний дараа Монгол орноор дамжуулан Дорнодыг Өрнөдтэй холбосон худалдааны их зам бий болсон нь өдгөө “Цайны зам” хэмээн нэрлэгдэж байгаа аж. Уг замаар Хятад улс 1928 онд Монголд экспортын бүрэн хориг тавих хүртэл 200 жил цай зэрэг чухал барааг тээвэрлэж байжээ. Тэгвэл энэхүү худалдааны их замаар хүмүүс цайг хэрхэн, хаанаас тээвэрлэж, энэ нь Монголд ямар үр ашигтай байсан тухай ОХУ, БНХАУ-ын судлаачид судалж эхэлжээ. Мөн гурван улсын төрийн тэргүүнүүд тус худалдааны замыг шинэчлэн сэргээж, аялал жуулчлал, эдийн засгийн үр шимийг дахин ашиглахаар шийдвэрлэсэн нь “Цайны зам”-ын судалгааг эрчимтэй хийх шаардлагыг бий болгосон байна. Харин энэхүү судалгааг өөрийн оронд өрнүүлэх идэвхижүүлэх зорилгоор төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд санаачилжээ. Үүний нэг жишээ нь Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Цайны соёл” нийгэмлэг, “Монголиан Корпорейт Травел” ХХК зэрэг байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа дээрх эрдэм шинжилгээний хурал юм. Тус хуралд нийт найман илтгэл хэлэлцэгдлээ.