АСЕМ-ын хурлын тохижилтын ажлын шуурхай штабыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал удирдаж байгаа бөгөөд энэ хүрээнд хотын 13 гудамжийг шинэлэг хэлбэрээр тохижуулахаар төлөвлөж зураг төслийг гаргажээ. Мөн Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв яаралтай нөөцийн менежментийг хариуцан, удирдлага хяналт мэдээллээр ханган ажиллах юм байна.
Энэ ажлын хүрээнд нийт 22 хяналтын хэсэг байгуулагдаж тохижилт, ногоон байгууламж, инженерийн ажлын гүйцэтгэгч байгууллагуудад хяналт тавина.
Нийслэлийн хэмжээнд 2016 онд 909 авто зам, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний ажил хийхээр төлөвлөж эдгээр ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нэгтгэн зохион байгуулж, уялдаа холбоог ханган, нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллах юм байна. Нийслэлээс төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж ерөнхий чиглэл өгч хамтран ажиллах юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.