Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулгатай ярилцлаа.
-“UB ART FAIR 2015” өнөөдөр эхэллээ. Энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлий аялал жуулчлалын газар ажиллаж байгаа юм байна. Хэд дэх жилдээ зохион байгуулж байгаа вэ?
-Энэхүү арга хэмжээг сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийг өргөн хүрээнд хамруулж байгаагаас гадна, олон нийтэд дүрслэх урлагийг таниулан сурталчлахаар “Урлагийн нийслэл Улаанбаатар” уриан дор энэ сарын 25-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Дүрслэх урлагийг аялал жуулчлалтай холбох нь ихээхэн ач холбогдолтой гэж харж байгаа. Учир нь, аялал жуулчлал нь бүтээлч үйлдвэрлэлийн салбаруудтай нягт холбоотой байдаг. Тэр ч утгаараа тэдний хөгжлийг дэмжих хөшүүрэг болдог гэж ойлгож болно. Соёлын бүтээгдэхүүн, соёлын аялал жуулчлалыг хооронд нь салгаж ойлгоход бэрх. Энэ удаагийн үйл ажиллагааг Монголын Урчуудын эвлэлийн хороо, “Profile” agency, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулж байгаа юм.
-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх галерейд үзэсгэлэн дэлгэгдэнэ гэж сонссон юм байна?
-Тийм ээ, бид энэ жил уг арга хэмжээгээ өмнөх жилүүдийнхээс өргөн хүрээнд зохион байгуулахыг зорьж байна. Урьд нь тодорхой сэдэв өгөөд нэг галерейд төвлөрөн явуулдаг байсан. Харин энэ жил нийслэлд тогтмол үйл ажиллагаа явуулдаг бүх галерей, залуу уран бүтээлчдийн дунд өргөн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Энэ онд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд соёл урлаг, спорт, аялал жуулчлалын чиглэлээр 32 томоохон арга хэмжээг зохион байгуулсан. Хамгийн отгон арга хэмжээ нь “UB АRT FAIR-2015” юм. Цаашид энэхүү арга хэмжээнд гадаадын шилдэг уран бүтээлчдийг татан оролцуулж олон улсын түвшний фестиваль болгон өргөжүүлэх зорилтыг манай байгууллагаас тавин ажиллаж байна.
-Уг арга хэмжээг яагаад заавал намар зохион байгуулдаг юм бэ?
-Улаанбаатарын төдийгүй Монголын аялал жуулчлалын оргил цаг нь зуны улирал. Бидний нэг зорилт бол аялал жуулчлалын бизнесийг улирлын хамаарлаас гаргах явдал байгаа юм. Иймээс идэвхгүй байгаа улирлуудад жуулчид татах зорилгоор аялал жуулчлалын бус улиралд хийж байгаа гэдгийг уншигчид ойлгох хэрэгтэй. Соёл урлагийн арга хэмжээнүүд нь жуулчдыг татах гол хүчин зүйлсийн нэгд зүй ёсоор багтдаг. Иймээс жил бүрийн намар “UB АRT FAIR” зохион байгуулах нь дүрслэх урлагт сонирхолтой, жуулчид, бизнес эрхлэгчид болон өөр зорилгоор ирсэн аялагчдын сонирхлыг татах давуу талтай. Мөн жуулчин татах, тэдний мөнгөөр уран бүтээлчдийн үйл ажиллагааг дэмжих бололцоо бүрдэнэ. Нөгөө талаасаа олон нийт тэр дундаа залуучуудад урлаг, гоо зүйн боловсрол олгохыг зорьж байна. Энэ нь өөрөө хотын соёлыг сайжруулах зорилгод бүрэн нийцэж байгаа юм.
-Үр дүнг нь та хэрхэн харж байна вэ?
-Нийслэлд хоёр төрлийн жуулчлалыг түлхүү хөгжүүлэхийг бид зорьж байна. Зүүн хойд Азийн бизнес жуулчлалын төв болох хэтийн зорилт бий. Улаанбаатар бол зам тээврийн зангилаа. Нөгөө талаас соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх маш том боломж бий. Хоёр хөрш, түүний дотор Монгол туургатнуудыг соёлоор дамжуулан татах, үзэж харах зүйлтэй болох зорилттой. Иймээс энэ талын цар хүрээг өргөжүүлж байна. Энэ жилийн хувьд уран бүтээлчид олон галерейд үзэсгэлэнгээ дэлгэнэ. Европын соёлын төв болсон Вена, Венец, Милан, Флоренц, Лондон, Парис зэрэг хотуудад ийм арга хэмжээг зохион байгуулдаг. Үүнийг нь зорьж очдог хүмүүс ч бий. Улаанбаатарын хувьд үзэж харах зүйлс хомс гэх зэргээр аялал жуулчлалын компани болон аялагчдын зүгээс санал хүсэлт тавьдаг. Тэгэхээр энэ үйл ажиллагаа нь аялал жуулчлалын салбарт дэвшил авчирна гэж үзэж байна.
-Нийт хэчнээн галерей, музейд үйл ажиллагаа төвлөрөх вэ?
-11 галерей, хоёр музей, хоёр урлан болон нийслэлийн Ерөнхий боловсролын 35 сургуульд мэргэжлийн ангийн оюутнууд сургалт зохион байгуулахаар болсон. Мөн шилдэг уран бүтээлч, эрдэмтэд маань дүрслэх урлагийн хөгжлийн талаар оюутан залууст лекц тавихаар бэлтгээд байна.
Э.Төвчимэг