НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах мэдээлэл хүлээн авах журмыг хэлэлцэн баталлаа.
Нийслэл хотын албан татварын хувь хэмжээ болон дээрх журмын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл танилцууллаа. Тэрээр, “УИХ-аас 1994 онд баталсан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” хуульд нийслэл хот бие даасан төсөвтэй байна, нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно гэж заасан. “Монгол Улсын татварын ерөнхий хууль”-д “Нийслэл хотын албан татвар” гэдгийг орон нутгийн албан татварын орлогын нэг бүрэлдэхүүн хэсэг болгон тогтоосон байдаг. Ингэж хуулиараа нийслэлийн төсөв, татварыг тогтоосон боловч хэн, хэдэн хувиар, ямар аргачлалаар хураах нь тодорхойгүй байсан юм. Тиймээс энэ жилийн УИХ-ын хаврын чуулганаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийг баталж, тогтоолоор энэхүү татвараас бүрдүүлсэн орлогыг юунд зарцуулах вэ гэдгийг тусгайлан заасан юм. Тодруулбал, Нийслэл хотын албан татварын орлогоор нийслэлд Олон улсын чанартай үзэсгэлэн, фестиваль арга хэмжээг зохион байгуулах замаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн дэд бүтцийг сайжруулахад зарцуулна гэж заасан. Бид замын сангийн хөрөнгийг зам барих, шинэчлэх засах ажилд зарцуулдаг бол хотын албан татварыг дэд бүтэц болон аялал жуучлалыг хөгжүүлэхэд зарцуулах юм. Хотын татвар нь нийтийн бизнесийг дэмжиж санхүүжүүлдэг, үр өгөөжөө шууд өгдөг татвар юм.Энэ татвар нь аж ахуйн нэгжүүдэд дарамт үзүүлэхгүй бөгөөд харин ч тэдний үйл ажиллагааг дэмжсэн, сайжруулахад чиглэсэн татвар гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж онцлов.
Нийслэл хотын албан татварын тухай хуульднийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн 4 төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн архи тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан байна. Мөн нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан0-1,0 хувийн хязгаарт багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална гэж заажээ. Тиймээс хуулийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор ахлуулсан ажлын хэсгийг Нийслэлийн Засаг дарга, Татварын Ерөнхий газрын хамтарсан тушаал захирамжаар байгуулсан юм. Ажлын хэсгийн судалгаагаар хотын албан татвараас жилд 13 тэрбум орчим төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тооцоо гарчээ. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын албан татварт хамрагдах 5245 татвар суутгагч байгаа юм байна. Улаанбаатар хотын нийт худалдааны эргэлт 22 их наяд төгрөг бөгөөд үүний 1,3 хувь нь архи, тамхины худалдан авалт байдаг байна.
НИТХ-ын 29 дүгээр хуралдаанаас бүх төрлийн тамхи болон согтууруулах ундаа, баарны үйлчилгээ, рестароны үйлчилгээ, зочид буудлын үйлчилгээ, амралтын газрын үйлчилгээнээс татварын хувь хэмжээг 1 хувь байхаар тогтоож, нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах мэдээлэл хүлээн авах журмыг баталлаа. Энэхүү журамд нийцүүлэн Татварын Ерөнхий газраас татвар суутагчыг бүртгэх, нийслэлийн төсөвт хотын албан татварыг төвлөрүүлэх аргачлалыг боловсруулах юм байна. Журам ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.
Ер нь дэлхийн орнуудын туршлагаас харахад Итали улсад хотын татварыг 10 хүртэл хоногийн хугацаатай ирсэн гадны иргэдэд ногдуулдаг бөгөөд татварын хэмжээ хоногийн 4-9 евро байдаг байна. Уг татварыг тухайн иргэн зочид буудалд буух болон буудлаас гарах үед буудлын төлбөрийн хамт хураан авдаг байна. Татварын хэмжээг тухайн татвар төлөгчийн зорчиж буй хотын онцлог, зочид буудлын зэрэглэл, жилийн аль улиралд зорчих болон аль дүүрэгт байрлах зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан тогтоодог байна. Харин Япон улсад оршин сууж буй нийт иргэд иргэний харьяаллаас үл хамааран “Оршин суугчдын татвар”-ыг төлөх үүрэг хүлээдэг бөгөөд гадаадын иргэдийн хувьд жил болон түүнээс дээш хугацаагаар Япон улсад амьдарсан тохиолдолд энэ төрлийн татвар төлөгчөөр бүртгэгддэг байна. Түүнчлэн татварын хувь хэмжээ нь хотын болон орон нутгийн оршин суугч эсэхээс хамааран татвар ногдох орлогын 5%-40% -аар бодогддог байна. Манай урд хөрш БНХАУ-ын хувьд “Хот суурингийн газар эзэмшлийн татвар” нэртэйгээр нийт аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн салбар болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн эзэмшиж буй газрын хэмжээнээс хамааран ногдуулдаг уг татвар нь тус улсын татварын системийг бүрдүүлдэг 25 төрлийн татварын нэг юм. Хувь хэмжээний хувьд том хотуудад 1мкв тутамд 0.5-10 юань, дундаж хотуудад 0.4-8 юань жижиг хотуудад 0.3-6 юань, уул уурхайн дүүргүүдэд 0.2-4 юань тус тус төлөгддөг. Төрийн болон цэргийн байгууллагууд, шашны болон шинжлэх ухааны байгууллагууд, ойн бүс, загасны үйлдвэрлэл, эрчим хүч болон зам тээврийн салбарын үйл ажиллагаа энэ төрлийн татвараас чөлөөлөгддөг байна. Мөн орон нутгийн татварын өөр нэг хэлбэр нь “Хот суурингийн үл хөдлөх хөрөнгийн татвар” бөгөөд үл хөдлөх хөрөнгө өмчлөгч аж ахуйн нэгж иргэд, гадны хөрөнгө оруулагчдад эд хөрөнгийн үнэлгээний 1.2 хувиар ногдуулдаг байна. Харин уг эд хөрөнгийг өмчлөгч бусдад түрээслүүлсэн тохиолдолд түрээсийн орлогын 18 хувиар орлогын албан татвар төлдөг байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.