2015 ОНЫ 08 ДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН  АЖЛЫН ТАЙЛАН

2015 ОНЫ 08 ДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 

2015 ОНЫ 08 ДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН

АЖЛЫН ТАЙЛАН

 

1/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу жуулчны байр сууцын үйлчилгээ эрхлэгчдээс нийт 30 санал хүсэлт, өргөдөл ирсэн /байгууллагад хандаж албан бичгээр 24, цахимаар өргөдөл 6/ ба стандартын шаардлага хангасан 2 иргэн, 6 ААН-д үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, стандартын шаардлага хангаагүй 1 иргэн, 2 ААН-д хугацаатай үүрэг даалгавар өгч, стандартын үзлэгт хамрагдах хүсэлтэй 3 иргэн, 16 ААН-ийн хүсэлтийн дагуу үзлэгт хамруулахаар бэлтгэлийг хангаж байна.

 

2/ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд Гандангийн дэнжийн зарим хэсгийг гар урлалын төв, шашны болон хүрээ соёл, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээ, эртний эдлэлийн болон бэлэг дурсгалын дэлгүүр, гэр буудлууд бүхий соёлын аялал жуулчлалын дүүрэг болгож хөгжүүлэх “Гандан” бичил төсөл боловсруулахаар тусгагдсаны дагуу Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандантэгчилэн хийдийн гадна орчны зарим хэсэгт тохижилт хийх ажлын даалгавар, холбогдох бичиг баримтыг боловсруулж, төслийг гүйцэтгэгчийг шалгаруулахад бэлэн болоод байна.

 

3/ Бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж, хотын соёлыг дэлгэрүүлэх “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд JCI Монгол байгууллагатай хамтран “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмыг “Талархах, Хүндлэх, Уучлах” сэдвийн дор 2015 оны 06-08 дугаар сарын хугацаанд зохион байгуулав. Тэмцээнд нийт 25 бүтээл ирж тэргүүн байранд олон нийтийн цахим санал асуулгаар хамгийн өндөр үнэлгээ авсан “Төгс нүд энтертайнмент”-ийн “Би өөрөө талархал”, II байранд “Язгуур” продакшны “Нэг минут” , III байранд “Хотын соёл надаас эхэлнэ” бүтээлүүд тус тус  шалгарав.

 

4/ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлтийг холбогдох байгууллагуудаас авч нэгтгэн нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэв. Төлөвлөгөөний хэрэгжилт 71%-тай байна.

 

5/ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, зардлын төсвийг боловсруулж байна.

 

6/ 2015 оны эхний хагас жилийн байдлаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудын тайлан, холбогдох материалуудыг бүрдүүлж нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэв.

 

7/ Япон улсын Токио хотод 9-р сарын 23-26-ны хооронд зохиогдох “ЖАТА-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

8/ Жуулчдад зориулсан шинэ бүтээгдэхүүн гаргах, мэдээллийн технологийн ололтод суурилсан үйлчилгээг сайжруулах зорилгоор Скайтел ХХК-тай хамтран Traveller sim буюу Жуулчны сим картыг гаргахаар хамтран ажиллаж байна. Уг сим карт нь богино хугацаатай, олон улсын болон дотоод ярианы эрх, дата бүхий дугаар байх юм. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээллийн лавлах утас болон Улаанбаатар хотын аялал жуулчлалын цахим хуудас руу үнэ төлбөргүй холбогдох эрхтэй уг картыг 09 дүгээр сараас эхлэн зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Картын талаарх танилцуулгыг тус газрын мэдээллийн төвүүдээр жуулчдад хүргэж байна.

 

9/ Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” болгон хөгжүүлэх төслийн хүрээнд Зуун ламын агуй, Мэлхий хад, Арьяабалын хийдийн орчимд  амралтын цэгүүдийг тохижуулах ажлыг бага үнийн санал ирүүлж тендерт шалгарсан “Төмөрт хос Бэрс” ХХК-иар гэрээ байгуулан гүйцэтгүүлж ажил хүлээлцэх шатандаа байна.

 

10/ Жуулчдад зориулсан шинэ бүтээгдэхүүн гаргах, шашин соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 08-09-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдсан “Даншиг наадам-Хүрээ цам” наадмын үеэр тус газраас гадаад, дотоодын жуулчдад зориулан үндэсний уламжлалт соёл, зан заншил,  шашин, соёлын эд хэрэглэл, судар ном, алт, мөнгөн урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргав. Мөн үзэсгэлэнд оролцож байгаа байгууллагуудын үзэсгэлэн гаргах зохион байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн ба нийт 40 байгууллага оролцов. Наадмын үеэр гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах, эрсдлээс сэргийлэх, тусалж, дэмжлэг үзүүлэх зорилгоор явуулын “Жуулчны мэдээллийн цэг” байгуулж, Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран 84 оюутан цагдааг ажиллуулав.

 

11/ 2015 оны 08 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд “Зүүн хойд Азийн аялал жуулчлалын XI форум”-ыг “MICE жуулчлал” сэдвийн дор Улаанбаатар хотод зохион байгуулав. Энэ жилийн форумд БНХАУ-аас 20, Японоос 40, БНСУ-аас 50, ОХУ-аас 10, Монголоос 120 орчим төлөөлөгч оролцохоор бүртгүүлж нийт 200 гаруй хүн хүрэлцэн ирж бүс нутгийн аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх санал санаачилгыг дэвшүүлэн хэлэлцэв. Нийт 40 гаруй илтгэл тавигдсан бөгөөд Зүүн хойд Азийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, Улаанбаатар хотод бизнес аялал жуулчлалыг хэрхэн  хөгжүүлэх асуудлууд форумын гол сэдэв байлаа. БОНХАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Нью Жуулчин Турс ХХК хамтран зохион байгуулсан форумыг Зүүн Хойд Азийн Аялал Жуулчлалын Чуулганы дарга Ноён  Кожима Такаши, Зүүн Хойд Азийн Аялал Жуулчлалын Институтийн захирал Лий Юн-Жин, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нар нээв. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын зүгээс газрын дарга Э.Баттулга “Possibilities of MICE tourism development in Ulaanbaatar” гэсэн сэдвээр үндсэн илтгэлийг тавьж хэлэлцүүлэв. Форумын үеэр “Зүүн хойд Азийн экотуризмыг хөгжүүлэх нь” сэдвийн дор олон улсын залуу судлаачдын хэлэлцүүлэг, илтгэлийн уралдаан мөн зохиогдов. Форумын маргааш өдөр бүс нутгийн хотуудын төлөөлөгчдөд нийслэлийн Засаг даргын нэрэмжит хүлээн авалт болон Налайх дүүргийн 6-р хороо Горхи –Тэрэлжийн Бумбатын аманд байрлах “Гүрү” жуулчны баазад бэсрэг наадам зохион байгуулав. Дээрх арга хэмжээнүүдийг Нью Жуулчин Турс ХХК-иар 10 сая төгрөгийн гэрээ байгуулан гүйцэтгүүлж, зардлыг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх төсвөөс санхүүжүүлэв.

 

12/ Нийслэл хотын авто замын ачааллыг зохицуулах нэмэлт арга хэмжээ авах тухай нийслэлийн Засаг даргын А/469 дүгээр захирамжийн дагуу  2015 оны 08 дугаар сарын байдлаар жуулчны 508 тээврийн хэрэгсэлд / том, дунд оврын / улсын дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн зөвшөөрлийг олгоод байна.

 

13/ БНХАУ-ын Эрээн хотод 2015 оны 08 дугаар сарын 19-24-ний өдөр болсон “Монгол, ОХУ, Хятад гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга, уулзалт”-д тус газрын Жуулчны аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, Үйлчилгээний байгууллага хариуцсан мэргэжилтэн нар тус тус оролцов.

 

14/ Гадаад, дотоодын жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчинд зорчих, аялах  нөхцөлийг бүрдүүлэх, цагдаагийн байгууллагын үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх зорилгоор 30 секундийн богино хэмжээний сурталчилгааг Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран боловсруулж UBS телевизээр иргэдэд хүргэж байна.

 

15/ Жуулчны аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран “Жуулчдад ээлтэй оюутан цагдаа” хөтөлбөрийг 2015 оны 06-08 дугаар саруудад хэрэгжүүлж дүгнэв. Нийт 85 оюутныг англи хэл, харилцааны соёл, хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтад хамруулж, бэлтгэгдсэн оюутан цагдаа нарыг гадаадын жуулчид ихээр зорчдог, гудамж, талбай, үзвэр үйлчилгээний газраар эргүүлд ажиллуулсан. Жуулчдыг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс сэргийлэх, тэдэнд хэрэгцээт мэдээллийг өгөх зэрэг үүргийг гүйцэтгэсэн ба бусад иргэдээс ялгарах таних тэмдэг, хувцас, формоор хангаж, хороо, дүүргийн Цагдаагийн хэсэг, Аялал жуулчлалын мэдээллийн төвүүдээс зөвлөгөө авч, харилцан туслалцаж ажиллахын зэрэгцээ жуулчдад 6000 гаруй хэвлэмэл хуудас, зөвлөмж түгээж, УБ хотын 32 цэг, гудамж талбайд ажиллав.

 

16/ БНСУ-ын Сөүл хотын Үндэсний мэдээллийн нийгэмлэгт мэдээлэл технологийн чиглэлээр сайн дурын ажилтан авч ажиллуулах хүсэлт тавьсны дагуу мэдээллийн технологийн чиглэлийн 4 сайн дурын ажилтан 2015 оны 07 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай тус газарт ажиллав. Ажиллах хугацаанд Улаанбаатар хотын тухай мэдээллийг солонгос хэл дээр хөрвүүлэн www.ulaanbaatour.co.kr цахим хуудсыг ашиглалтад оруулав. Тус газарт дижитал камер дагалдах хэрэгслийн хамт, нөүтбүүк, зөөврийн проектор, usb олон салаалагчийг тус тус хандивласныг холбогдох ажилтнуудад картаар хүлээлгэн өгөв.

 

17/  Иргэдийн амралтыг зөв боловсон өнгөрүүлэх эрүүл хүнс, зөв хооллолт гэсэн уриан дор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, М-СИ-ЭС Пропертийс ХХК, М-СИ-ЭС Эстэйтс ХХК-ууд хамтран олон улсын хоолны өдөрлөг /UB Food Festival/-ийг 2015 оны 08 дугаар сарын 15-16-ний өдрүүдэд зохион байгуулав. Улаанбаатар хотын шилдэг 52 ресторан оролцож, бэйкери, ус ундааны болон төрөл бүрийн хүнс, хоолны газруудын хамгийн шилдэг нэрийн бүтээгдэхүүнүүдийг нэг дор 1000-3000 төгрөгийн хооронд худалдаалж иргэдэд үйлчлэхийн зэрэгцээ иргэдийн дунд хөгжөөнт тэмцээн хоол урлалын уралдаан, залуу уран бүтээлчдийн тоглолтыг сонирхуулав. Шилдэг байгууллагаар Essencia ресторан шалгарав.

 

18/ “Нийслэлийн нийгэм, соёлд үзүүлж буй аялал жуулчлалын нөлөөлөл”-ийн судалгааг Эс-Ай-Си-Эй ХХК-иар гэрээ байгуулан гүйцэтгүүлэв. Судалгаагаар аялал жуулчлалын салбар нь Улаанбаатар хотын иргэдийн соёлын үзүүлэлтүүдэд илүү их нөлөөлдөг ба судалгаанд оролцогчдын дийлэнх нь (75%) аялал жуулчлалын салбар нь Улаанбаатар хотын нийгэм, соёлд эерэгээр нөлөөлж байгаа гэж үзжээ.

 

19/ “Нийслэлийн эдийн засагт үзүүлж буй аялал жуулчлалын нөлөөлөл” судалгааг Маркет Метрикс ХХК-иар гэрээ байгуулан гүйцэтгүүлэв. Судалгаагаар аялал жуулчлалын салбараас нийслэлийн эдийн засагт үзүүлж буй шууд, шууд бус, дам нөлөө, шүүрэлтийн түвшин зэргийг тогтоов.

20/ Жуулчны мэдээллийн төвөөр 07 дугаар сард нийт 165 гаруй гадаадын жуулчин үйлчлүүлсэн ба Мэдээлэл сурталчилгааны төвүүдээр үйлчлүүлсэн жуулчдаас Улаанбаатар хотын аялал жуулчлалын төлөв байдлыг тогтоох сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч байна.

 

21/ Тус газарт 7 дугаар сард нийт 7 өргөдөл ирснээс 3 өргөдлийг шийдвэрлэж шийдвэрлэлтийн явц 42% ба 4 өргөдөл нь хугацаандаа байна.

 

22/ Тус газарт дээд газраас 4 бичиг бусад газраас 17 бичиг үүнээс хариутай 2 бичгийг шийдвэрлэж хариугүй 15 бичиг байна.

 

23/ Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 4, явуулсан бичиг 9, нийт 13 албан бичгийг бүртгэн бланкан дээр буулган баримтжуулж, хүргүүлсэн.

 

 

 

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                           Э.БАТТУЛГА

 

 

 

огноо…………………………………

 

 

ТАЙЛАНГ НЭГТГЭСЭН:

ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                          Б.АМАРЗАЯА

 

 

огноо………………………………