НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
2015 ОНЫ 06 ДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН
АЖЛЫН ТАЙЛАН
1/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдээс нийт 48 санал хүсэлт, өргөдөл ирсэн /байгууллагад хандаж албан бичгээр 42, цахимаар өргөдөл 6 ба стандартын шаардлага хангасан 3 иргэн, 37 ААН-д үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, стандартын шаардлага хангаагүй 1 иргэн, 2 ААН-д хугацаатай үүрэг даалгавар өгч, стандартын үзлэгт хамрагдах хүсэлтэй 2 иргэн, 3 ААН-ийн хүсэлтийн дагуу үзлэгт хамруулахаар бэлтгэлийг хангаж байна.
2/ Нийслэлийн иргэдэд чиглэсэн “Найрсаг Улаанбаатар” нийгмийн аяныг цахим хэлбэрээр зохион байгуулахаар Монгол контент ХХК /www.gogo.mn/-тай гэрээ байгуулан ажиллаж эхлээд байна.
3/ “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяныг 2015 оны 6 дугаар сараас эхлэн 2015 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ЖиСиАй Монгол ТББ-тай хамтран зохион байгуулахаар гэрээ байгуулж, ажлыг эхлүүлээд байна.
4/ Онцгой болон эрсдэл бүхий нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга замуудыг тодорхойлсон “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдлийн менежментийн төлөвлөгөө” боловсруулах Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын 2015 оны А/383 дугаар захирамжаар байгуулж төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлэв.
5/ Жуулчны аюулгүй байдлыг хариуцсан бүтэц байгуулах хүсэлт, үндэслэл шаардлагыг тодорхойлсон хүсэлтийг удаа дараа явуулж байсны дагуу Улаанбаатар хотын Цагдаагийн газрын шинэчилсэн бүтцэд Жуулчны цагдаагийн тасаг байгуулагдав.
6/ БНХАУ-ын аялал жуулчлалын зах зээлийн өнөөгийн байдал, жуулчдын онцлог, болон хятад жуулчдыг бүлгээр аялуулах журмын хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх нөхцөл боломж, шаардлага” сэдэвт судалгааг “Морьт Халиун” ХХК-аар гүйцэтгүүлэх гэрээт ажлыг хүлээн авлаа. Уг судалгаанд үндэслэн “Нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, шийдвэрлүүлэхээр Засаг даргад хүргүүллээ.
7/ Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газар, Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран “Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси” аяны удирдамжийг боловсруулан нийслэлийн Засаг даргаар батлуулж, 6 дугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна.
8/ Жуулчны аюулгүй байдлыг хангах зорилгоор “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр их дээд сургуулийн 115 оюутнуудыг бүртгэж, оюутан цагдаа нарт зориулж ажлын хувцас, гарын авлага, зөвлөмж бэлтгэн, 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн гадаад хэл, хууль эрх зүй, эмнэлгийн анхан тусламж үзүүлэх хичээл сургалтыг зохион байгуулан 85 оюутныг төвийн дүүргүүдийн цагдаагийн хэлтэст хуваарилан ажиллах чиг, үүргийг өгч 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ажлыг эхлүүлэв.
9/ Шашин, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Гандан” төсөл боловсруулах ажлын хүрээнд Гандангийн дэнжийн зарим хэсгийг гар урлалын төв, шашны болон хүрээ соёл, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээ бүхий соёлын аялал жуулчлалын дүүрэг болгон хөгжүүлэх үүднээс Өндөр гэгээн Занабазар, Орхон, Туулын гудамжуудын гадна орчны тохижилтын ажлын зургийн даалгаврыг боловсруулав.
10/ Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол Наадам-2015” арга хэмжээг зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын 2015 оны А/571 дугаар захирамжийг гаргуулав. Захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
11/ Улаанбаатар хотын аялал жуулчлал, үзвэр үйлчилгээний цагийн хуваарь, үнэ, дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр авч байх боломжтой, орон зайг мэдэрч мэдээлэл өгөх хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг багтаасан, интернетээс бүх цэсний мэдээллээ шинэчилдэг, оффлайн горимд газрын зураг ажиллах боломжтой, iOS болон Андройд үйлдлийн системийн ухаалаг хэрэгслүүдэд зориулсан аппликэйшнийг “Би-Эс-Си-Жи” ХХК-иар гэрээ байгуулан хийлгэж байна.
12/ БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд 2015 оны 6 дугаар сард зохиогдсон “Ай Ти И” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, МИАТ ХК, Жуулчин, Нью Жуулчин ХХК-иуд хамтран оролцов.
13/ Улаанбаатар хотын аялал жуулчлалын www.ulaanbaatour.mn цахим хуудсыг хятад хэл дээр өргөтгөх, хятад хэл дээр сурталчилгааны материалууд бэлтгүүлэхээр Аялал жуулчлалын холбооны дэргэдэх Монгол-Хятад зөвлөлтэй гэрээ байгуулан, хятад жуулчдын сонирхол, хэв маягт тохирсон мэдээллийг бэлтгүүлж байна. Ажлын явц 90%-тай явж байна.
14/ БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан “Найрсаг Улаанбаатар” сурталчилгааны өдөрлөг, танилцах аяллыг 2015 оны 6 дугаар сард зохион байгуулав. Уг танилцах аялалд Хятадын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид “Улаанбаатур” үндэсний аялал жуулчлалын анхдугаар үзэсгэлэнд оролцон УБ хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үзэсгэлэнгийн талаарх мэдээ мэдээллийг шууд газар дээрээс нь сурвалжлан Хонконгийн Финикс, ӨМӨЗО-ны Одон телевиз мөн Sina.com, Weibo.com цахим хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулав.
15/ БНХАУ-ын Хонконг, Сингапур улсын “Аялал жуулчлалын зах зээлийн өнөөгийн байдал, жуулчны онцлог” сэдэвт судалгааны ажлыг газрын даргын 2015 оны А/52 дугаар тушаалаар Аялал жуулчлалын боловсрол, сургалт судалгааны төв ТББ-аар хийж гүйцэтгэхээр гэрээг байгуулан судалгааны ажлыг эхлүүлэв.
16/ “БНСУ-ын аялал жуулчлалын зах зээлийн судалгаа”-ны ажлын даалгаврыг гарган судалгааны ажлыг “Дөлгөөн дон” ХХК-ийг сонгон шалгаруулж судалгааны ажлын гэрээг боловсруулж байна.
17/ ОХУ-ын жуулчдыг татахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны багц ажил бэлтгэх, цацах, зохион явуулах зорилгоор “Айст монголиа” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээт ажлын хүрээнд, гүйцэтгэгч нь “Аист Монголиа Тв тур” нэвтрүүлгийг бэлтгэх бөгөөд тухайн нэвтрүүлгээр дамжуулан Улаанбаатар хотыг ОХУ-ын зах зээлд (Эрхүү, Буриад) сурталчлах юм.
18/ 6-р сарын 19-21-ний өдрүүдэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатур” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулав. 6 орны 80 гаруй байгууллагууд оролцов.
19/ Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэдэд “Аж ахуй эрхлэх ур чадвар” сургалт, тус дүүргийн амралтын газар, гэр буудал, зочид буудлын үйлчилгээ эрхлэгчдэд үйлчилгээний стандарт болон мэргэжил сурталчлах үзүүлэх сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна.
20/ Зочид буудлын үйлчилгээ эрхлэх хүсэлтээ өгсөн 3 доош одны зэрэглэлийн буудлуудын удирдлага болон ажилтнуудад зориулж зочид буудал, дэн буудлуудын стандартыг хэрэгжилтийн талаарх сургалтыг сар бүрийн эхний 7 хоногт тогтмол зохион байгуулж ААНБ-ын 45 удирдах болон ажилтнууд хамрагдав.
21/ Жуулчид шаардлагатай мэдээллийг түргэн, шуурхай хүргэх зорилгоор жуулчдын төвлөрөл ихтэй Сөүлийн гудамжид “Жуулчны мэдээллийн төв”-ийн салбарыг шинээр байгуулж 06 дугаар сараас үйл ажиллагааг нь эхлүүлэв.
22/ Жуулчны мэдээллийн төвөөр 6 дугаар сард нийт 120 гаруй гадаадын жуулчин үйлчлүүлсэн ба Мэдээлэл сурталчилгааны төвөөр үйлчлүүлсэн жуулчдаас Улаанбаатар хотын аялал жуулчлалын төлөв байдлыг тогтоох сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч байна.
23/ Аялал жуулчлалын үндэсний төвөөс сар бүрийн Монгол улсад ирсэн нийт гадаадын иргэдийн мэдээ авч мэдээллийн сандаа оруулж ажиллаж байна. 2015 оны 5 сарын жуулчдын статистик мэдээллээс харахад манай оронд ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 108118 буюу 4.6%-иар буурсан үзүүлэлттэй байна. Бүс нутгаар нь жуулчдыг авч үзвэл Ази болон Номхон далай 66010 буюу 10.5%-иар, Америк 993 буюу 2%-иар, Африк 142 буюу 45.1%-иар буурч, Европ 40690 буюу 6.7%-иар, Ойрх Дорнод 71 буюу 33.8%-иар өссөн байна. Жуулчдын голлох зах зээлийн орноор БНХАУ-46181, ОХУ-23245, БНСУ-10876, ЯПОН-4184, АНУ-3668, КАЗАКСТАН-3714, ГЕРМАН-1756, АВСТРАЛИ-1288, ИХ БРИТАНИ-1436, Франц-1679 улсууд орсон байна. Аялал жуулчлалын салбарын орлого 60,135,897 ам долларт хүрсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 4.3%-иар өссөн үзүүлэлттэй байна.
24/ Манай улсын нутаг дэвсгэрт 2015 оны эхний 5 сарын байдлаар гадаадын 44 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны дотор БНСУ-12, ОХУ-11, БНХАУ-13, Япон, АНУ, Казахстан, Турк, Вьетнам, Тайван, Австрали Куба, Тайван улсын тус бүр 1 иргэн байгаа ба гадаадын 69 иргэн гэмт хэргийн халдлагад өртсөнөөс БНХАУ-34, ОХУ- 6, АНУ-7, БНСУ-9, Вьетнам-3, Канад-2, Австрали, Австри, Азарбайжан, Герман, Их Британи, Польш, Франц, Швед улсын иргэд тус бүр 1 байна.
25/ Тус газарт 6 дугаар сард нийт 3 өргөдөл ирснээс 1 өргөдлийг шийдвэрлэж шийдвэрлэлтийн явц 33.3% ба 2 өргөдөл хуулийн хугацаандаа байна.
26/ Тус газарт дээд газраас 4 бичиг ирснээс хариутай 3 бичгийг холбогдох мэргэжилтэнд хүлээлгэн өгч шийдвэрлэлт 75%-тай ба 1 бичиг нь хуулийн хугацаандаа, бусад газраас 30 бичиг ирсэн ба үүнээс хариутай 5 бичиг нь хуулийн хугацаандаа байна.
27/ Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 10, боловсон хүчний чиглэлээр 1 тушаал гаргаж, 36 албан бичиг явуулав. Хувь хүний хөгжлийн институттэй хамтран 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгууллагын албан хаагчдад “Хувь хүний харилцаа, хандлага” сэдэвт сургалтыг зохион байгуулан нийт албан хаагчид бүрэн хамрагдав.
ХЯНАЖ ТАНИЛЦСАН:
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН
ГАЗРЫН ДАРГА Э.БАТТУЛГА
огноо…………………………………
ТАЙЛАНГ НЭГТГЭСЭН:
ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН Б.АМАРЗАЯА
огноо………………………………