2015 ОНЫ 05 ДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН  АЖЛЫН ТАЙЛАН

2015 ОНЫ 05 ДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 

2015 ОНЫ 05 ДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН

АЖЛЫН ТАЙЛАН

 

1/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдээс нийт 50 санал хүсэлт, өргөдөл ирсэн /байгууллагад хандаж албан бичгээр 43, цахимаар 7 өргөдөл/ ба стандартын шаардлага хангасан 20 ААН-д үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, стандартын шаардлага хангаагүй  5 иргэн, 8 ААН-д хугацаатай үүрэг даалгавар өгч, стандартын үзлэгт хамрагдах хүсэлтэй 1 иргэн, 16 ААН-ийн хүсэлтийн дагуу үзлэгт хамруулахаар бэлтгэлийг хангаж байна.

 

2/ Жуулчны аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар Цагдаагийн газартай хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр их дээд сургуулийн 115  оюутнуудыг бүртгэж, оюутан цагдаа нарт зориулж ажлын хувцас, гарын авлага, зөвлөмж бэлтгэн, 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн гадаад хэл, хууль эрх зүй, эмнэлгийн анхан тусламж үзүүлэх хичээл сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

3/ Онцгой болон эрсдэл бүхий нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2015 оны А/383 дугаар захирамжаар “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдлийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг”-ийг байгуулж, хурлыг зохион байгуулав.

 

4/ Гадаадын иргэд жуулчдад соёлтой, найрсаг, шуурхай үйлчилгээг хүргэх зорилгоор хүсэлт тавьж, үндэслэл саналыг боловсруулсны дагуу нийслэлийн Засаг даргын А/469 дугаар захирамжаар “Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах, нэмэлт арга хэмжээ авах тухай” захирамж гарав. Уг захирамжийн дагуу жуулчин тээврийн үйлчилгээний 8-аас дээш зорчигчийн суудалтай зөвшөөрөл бүхий автобусыг улсын дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулах, түргэн муудах өдөр тутмын хүнсний хэрэглээг тээвэрлэх ААНБ-ын зориулалтын ачааны автомашинуудыг 05:00-12:00 цагийн хооронд дугаарын хязгаарлалтаас чөлөөлөхөөр тогтоов. Мөн жуулчин тээврийн үйлчилгээний автобусны зориулалтын зогсоолыг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн урд хэсэгт, “Гандантэгэчлин хийд”, “Бурхан Багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд түр хугацаагаар байрлуулж, замын тэмдэг, тэмдэглэгээ тавих зэрэг тохижилтын ажлыг хийхээр бэлтгэлийг хангаж байна.

 

5/ Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор болон жуулчны бааз, амралтын газрууд төвлөрсөн нутаг дэвсгэрт ажиллаж буй цагдаагийн хэсгийн ажилтны тоо, техник хэрэгслийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх хүсэлтийг эрх бүхий байгууллагад хүргүүлэв. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт тохижуулах амралтын цэг, замын тэмдэг, тэмдэглэгээ, мэдээллийн байгууламжуудын талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Хамгаалалтын захиргаа оролцсон уулзалтыг 2 удаа зохион байгуулав.

 

6/ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/196 дугаар захирамжийн дагуу тус газраас 6, 7 дугаар саруудад зохион байгуулах 4 арга хэмжээний төсвийг үндэслэл, танилцуулгуудын хамт боловсруулан батлуулав.

 

7/ Шашин, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Гандан” төсөл боловсруулах ажлын хүрээнд Гандангийн дэнжийн зарим хэсгийг гар урлалын төв, шашны болон хүрээ соёл, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээ бүхий соёлын аялал жуулчлалын дүүрэг болгон хөгжүүлэх үүднээс Өндөр гэгээн Занабазар,  Орхон, Туулын гудамжуудын гадна орчны тохижилтын ажлын зургийн даалгаврыг боловсруулав. Мөн 2015 онд аялал жуулчлалын чиглэлээр хийгдэх “Улаанбаатар хотын аялал жуулчлалын байгаль орчны нөлөөллийн судалгаа”, “Улаанбаатар хотын аялал жуулчлалын эдийн засгийн нөлөөллийн судалгаа” “Улаанбаатар хотын аялал жуулчлалын нийгэм, соёлын нөлөөллийн судалгаа”, “Улаанбаатар хотод аялсан гадаадын жуулчдын сэтгэл ханамжийн судалгаа”-ны ажлын даалгаврыг боловсруулж, гэрээг байгуулав.

 

8/ Бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж, хотын соёлыг дэлгэрүүлэх зорилгоор “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяныг 6-12 дугаар саруудад зохион байгуулах гэрээг JCI Монгол ТББ-тай байгуулан ажлыг эхлүүлэв. Мөн хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудтай хамтран иргэдийн харилцаа хандлага, төрийн болон нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс аяныг цахим хэлбэрээр зохион байгуулахаар “Монгол контент” ХХК-тай гэрээ байгуулан ажлыг эхлүүлэв.

 

9/ Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийг “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” болгон хөгжүүлэх төслийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол адууны соёлыг харуулсан музей, сургалт, морин аяллын үйлчилгээ бүхий цогцолбор байгуулах төслүүдийг газар олголтын бодлогоор дэмжих асуудлаар БОНХАЖЯ-д уулзалт зохион байгуулав. Уулзалтаар Монгол адууны соёлыг харуулсан морин аяллын үйлчилгээ бүхий цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх газрын асуудлыг шийдэх, төсөл сонгон шалгаруулах тухай ажлын хэсгийг байгуулах, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хамгаалалтын захиргаа хамтран тогтоосон Горхи-Тэрэлжийн бүсэд аялах маршрутуудыг сайдын тушаалаар батлуулахаар тогтов.

 

10/ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөнд тусгуулахаар Гандан, Усан парк, Туул, Сэлбэ голын дагуу амралтын цэг тохижуулах, морин аяллын үйлчилгээний цогцолбор байгуулах нийт 4 төслийг хэрэгжүүлэх саналыг 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 158 тоот албан бичгийн хамт нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлэв.

 

11/ Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг нийслэлийн Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгтэй хамтран 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулав. Хөдөлмөрийн яармагт  нийт 400 гаруй БААН-ийн 2464 ажлын байр зарлагдаж  22 ААН-д нийт 412 хүн түр болон байнгын ажлын байранд ажиллахаар болов.

 

12/ Үндэсний улсын аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэнг 2015 оны 06 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Улаанбаатар хотыг БНХАУ-ын зах зээлд сурталчлах зорилгоор БНХАУ-ын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагын 10 ажилтны бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг урин ирүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

 

13/ Зочид буудлын үйлчилгээ эрхлэх хүсэлтээ өгсөн 3-аас доош одны зэрэглэлийн буудлуудын удирдлага болон ажилтнуудад зориулж зочид буудал, дэн буудлуудын стандартыг хэрэгжилтийн талаарх сургалтыг 5 дугаар сард 2 удаа зохион байгуулж 12 ААНБ-ын 15 үйлчилгээний ажилтнууд хамрагдав.

 

14/ Аялал жуулчлалын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 05 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд ажиллав. Зочид буудлын үйлчилгээний ажиллагсдад зориулж онол, дадлагын сургалт зохион байгуулж 18 зочид буудлын 18 үйлчилгээний ажилтан хамрагдав. Мөн тус аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй дэлхийн шилдэг эко баазаар шалгарсан “Говийн гурван тэмээ” жуулчны баазын үйл ажиллагаатай танилцаж, тусгай хамгаалалттай газрын болон үйлчилгээний газрын байгаль орчны менежментийн талаар туршлага судалж, сургалтад хамрагдав.

 

15/  Жуулчид олноор явдаг гудамж, хэсгүүдэд ажилладаг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, офицер нарт зориулсан англи хэлний ярианы чадвар олгох сургалтыг 2 сарын турш зохион байгуулж 22 цагдаа хамрагдаж 16 цагдаа шалгалтад тэнцэж гэрчилгээ авав.

 

16/ “Зочид буудлын аюулгүй байдал, хамгаалалт, гамшгийн эрсдлийн менежмент”  сэдэвт сургалтыг 05 дугаар сарын 21-ний өдөр Монголын зочид буудлуудын холбоотой хамтран зохион байгуулж АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцогчдыг хүлээн авах 43 зочид буудлын 57 менежер, аюулгүй албаны дарга, ажилтнууд хамрагдав.

 

17/ Хот орчимд аялал жуулчлал эрхлэгчдэд зориулсан гарын авлага, аялал жуулчлал, зочид буудал, зочлох үйлчилгээний ажилтнуудад зориулсан ажлын байр тус бүрийн гарын авлагыг боловсруулж байна. Мөн Хонконгийн Политехникийн их сургуулийн Аялал жуулчлал, зочид буудлын тэнхимийн эрхлэгч профессор Кайе Чоны сургалтаар видео хичээл бэлтгэв.

 

18/ БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг улсад 2015 оны 06 дугаар сарын 11-14-ны өдрүүдэд зохиогдох “Ай Ти И” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, МИАТ, Жуулчин, Нью Жуулчин ХХК-иуд хамтран оролцохоор бэлтгэл ажлыг хангаж байна. Уг үзэсгэлэнд оролцохтой холбогдуулан Улаанбаатар хотын танилцуулга, сэтгүүлийг хятад хэл дээр гаргахаар Монгол-Хятадын аялал жуулчлалын зөвлөл, зөвлөлийн гишүүн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

 

19/ ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын газар, Манжуур хотын Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хятад-Монголын аялал жуулчлалын зөвлөл, Тэнгэр трэвел ХХК хамтран 05 дугаар сард “Эв найрамдал–тал нутгийн торгоны замын аялал” нэртэй 3 улсын хил дамнасан авто тойрон аяллыг хамтран 13 хоногийн авто аяллыг зохион байгуулав. Мөн аяллын үеэр Монгол, БНХАУ-ын аяллын компаниудын танилцах уулзалтыг зохион байгуулж хоёр талын 62 төлөөлөгч оролцов.

 

20/ Аялал жуулчлалын холбооноос БНХАУ-ын жуулчлалын зах зээлийг эрчимжүүлэх, одоогийн хүндрэлийг арилгах тухай хүсэлт ирүүлсний дагуу “Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулга бэлтгэж нийслэлийн удирдлагуудад танилцуулав.

 

21/ Улаанбаатар хотыг ОХУ-ын зах зээлд (Эрхүү муж, Буриад улс) сурталчлах, Оросын жуулчдыг татахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажил бэлтгэх, цацах зорилгоор Айст Монголиа ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна.

 

22/ “Нийслэлийн эдийн засагт үзүүлж буй аялал жуулчлалын нөлөөлөл” судалгааг хийж гүйцэтгэх компаниудад сонгон шалгаруулалт хийн Маркетметрикс ХХК шалгарч тус газрын даргын 2015 оны А/44 дүгээр тушаалаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулав.

 

23/ “Нийслэлийн нийгэм соёлд үзүүлж буй аялал жуулчлалын нөлөөлөл” судалгааг хийж гүйцэтгэх компаниудад сонгон шалгаруулалт хийн Эс Ай Си Эй ХХК шалгарч тус газрын даргын 2015 оны А/43 дугаар тушаалаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулав.

 

24/ Жуулчны мэдээллийн төвөөр 5 дугаар сард нийт 90 гаруй гадаадын жуулчин үйлчлүүлсэн ба Мэдээлэл сурталчилгааны төвөөр үйлчлүүлсэн жуулчдаас Улаанбаатар хотын аялал жуулчлалын төлөв байдлыг тогтоох сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч байна.

 

25/  Манай улсын нутаг дэвсгэрт 5 дугаар сарын байдлаар гадаадын 36 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны дотор БНСУ-ын 11, ОХУ-ын 10, БНХАУ-ын 8, Япон, АНУ, Казахстан, Турк, Вьетнам, Тайван, Австрали улс тус бүрээс 1 иргэн байна. 56 иргэн гэмт хэргийн халдлагад өртсөнөөс БНХАУ-ын 28, ОХУ, АНУ-ын 7, БНСУ-ын 6, Вьетнам улсын 2, Австрали, Австри, Азарбайжан, Герман, Канад, Польш улс тус бүрээс 1 иргэн байна.

 

26/ Ойн тухай хуулийн дагуу нийслэлийн ногоон байгууламжийн санд тус газрын албан хаагчдаас 80.000 төгрөгийг төвлөрүүлэв.

 

27/ Тус газарт 5 дугаар сард нийт 7 өргөдөл ирснээс 6 өргөдлийг шийдвэрлэж шийдвэрлэлтийн явц 85% ба 1 өргөдөл хуулийн хугацаандаа байна.

 

28/ Тус газарт дээд газраас 9 бичиг ирснээс хариутай 8 бичгийг холбогдох  мэргэжилтэнд хүлээлгэн өгч шийдвэрлэлт 50%-тай ба 4 бичиг нь хуулийн хугацаандаа, бусад газраас 42 бичиг ирсэн ба үүнээс хариутай 35 бичгийн 25 буюу 71%-д нь хариу хүргүүлж 10 бичиг нь хуулийн хугацаандаа байна.

 

29/ Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 11, боловсон хүчний чиглэлээр 1 тушаал гаргаж, 33 албан бичиг явуулав.

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                           Э.БАТТУЛГА

 

 

огноо…………………………………

 

ТАЙЛАНГ НЭГТГЭСЭН:

ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                          Б.АМАРЗАЯА

 

огноо………………………………