НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
2015 ОНЫ 03 ДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН
АЖЛЫН ТАЙЛАН
1/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэх 16 иргэн, ААН хүсэлтийг хүлээн авч, стандартын шаардлага хангасан 4 зочид буудал, 12 дэн буудалд зөвшөөрөл олгов. Мөн стандартын үзлэгт хамрагдах хүсэлтэй 8 байгууллага, иргэний хүсэлтийг хүлээн авч ажлын хэсгийг ажиллуулахаар бэлтгэж байна.
2/ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлын төсвийг боловсруулж Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/196 тоот захирамжаар батлуулав.
3/ Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд 2016-2020 онд аялал жуулчлалын салбарын хүрээнд хэрэгжих төслүүд болон “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт тусгагдсан 10 хөрөнгө оруулалтын төслийн зорилт, агуулга, тухайн жилд хийгдэх ажлын агуулга болон төсвийн саналыг боловсруулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэв.
4/ Монгол улс “Ай-Ти-Би Берлин” аялал жуулчлалын үзэсгэлэнгийн 2015 оны түнш орноор оролцох болсонтой холбоотойгоор нийслэлийн Засаг даргын А/94 тоот захирамжийн дагуу Улаанбаатар хот тус үзэсгэлэнгийн үндсэн оролцогчоор 3-р сарын 03-наас 08-ны хооронд оролцов. Үзэсгэлэнд оролцохтой холбоотой бэлтгэл ажлыг тус газар хариуцан ажиллав.
5/ “Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аврага шалгаруулах олон улсын тэмцээн, “Хорека 2015” аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулах улирдамж, захирамжийн төслийг боловсруулж нийслэлийн Засаг даргын 2015 оны А/133 дүгээр захирамжаар батлуулав. Олон улсын тэмцээний эхний шатны шалгаруулалтыг 6 төрлөөр зохион байгуулж 17 зочид буудлын 57 оролцогч өрсөлдөн дараагийн шатанд 30 оролцогч шалгараад байна. Олон улсын тэмцээн, үзэсгэлэнгийн бэлтгэлийг хангаж байна.
6/ Япон улсын “Жайка” олон улсын байгууллагад сайн дурын ажилтан авч ажиллуулах хүсэлт тавьсаны дагуу тус улсын Ишимото Масатоши тус газарт албан ёсны гэрээний дагуу 4 дүгээр сараас эхлэн ажиллах гэж байна. Сайн дурын ажилтан хүлээн авахтай холбоотой бэлтгэл ажлыг хангав.
7/ Сөүлийн гудамжид “Жуулчны мэдээлэл сурталчилгааны төв”-ийг шинээр байгуулах тохижилтын ажлын судалгааг хийж нийслэлийн Өмчийн харилцааны газарт саналыг хүргүүлэв. Газрын даргын 2015 оны Б/07 дугаар тушаалаар тус жуулчны мэдээллийн төвд ажиллах мэдээллийн ажилтныг томилов.
8/ ОХУ-ын жуулчдад зориулсан Улаанбаатар хотын аялал жуулчлалын сурталчилгааны сэтгүүлийн агуулга, эхийг бэлтгэх, Улаанбаатар хотын аялал жуулчлалын сурталчилгааны цахим хуудас болох ulaanbaatour.mn хуудасны агуулгыг орос хэл дээр хөрвүүлэх ажлыг “Габиц” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажлыг эхлүүлэв.
9/ Ресторан, зоогийн газруудын үйлчилгээний чанар, менежер болон ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын ресторан, зоогийн газрын холбоо хамтран “Рестораны менежерийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх” сургалтыг 3 дугаар сарын 11-ний өдөр Аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төвд зохион байгуулж ресторан, зоогийн газрын 29 менежер хамрагдав.
10/ Дэлхийн аялал жуулчлалын дээд шагнал “Илисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чоны “Төрийн үйлчилгээний чанар ба соёл” сэдэвт сургалтыг 4 дүгээр сард зохион байгуулахаар бэлтгэлийг хангаж ажиллав. Сургалтад жуулчидтай шууд харилцдаг 30 төрийн болон нутгийн захиргааны байгууллагын 120 ажилтан хамрагдана.
11/ Монголын Аялал жуулчлалын холбооны дэргэдэх “Монгол-Хятадын аялал жуулчлалын зөвлөл”-тэй БНХАУ-ын жуулчдыг татах талаар хамтран ажиллаж байна. Талуудаас бүрдсэн ажлын хэсэг Монгол улсын хилийн боомтоор Хятадын жуулчид нэвтрэх журмыг боловсронгуй болгох, Монгол, БНХАУ, ОХУ-ыг холбосон Цайны замын аяллын маршрутыг боловсруулах, БНХАУ-ын аялал жуулчлалын голлох үзэсгэлэнгүүдэд хамтран оролцох, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчдийн аялал зэрэг асуудлууд дээр хамтран ажиллаж байна.
12/ “Зэтэмэн” компанитай байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хотын аялал жуулчлалын үзмэр, түүх соёлын дурсгалт болон онцлог газар, төрийн өмчит соёл урлаг, үзвэр үйлчилгээний болон төрийн үйлчилгээний байгууллагуудын нийт 222 байршлыг гэрэл зураг, нэр, үйл ажиллагааны чиглэл, утасны дугаарын хамт Google Map-д оруулах ажлын гүйцэтгүүлэв. Мэдээллүүд баталгаажиж орсноор иргэд, жуулчид эдгээр газрын мэдээллийг цахим газрын зургаас үзэх, өөрийн байгаа газраасаа чиглэл заалган хялбар хүрэх боломжтой болно.
13/ Жуулчны мэдээллийн төвөөр 3 дугаар сард нийт 40 гадаадын жуулчин үйлчлүүлсэн ба Мэдээлэл сурталчилгааны төвөөр үйлчлүүлсэн жуулчдаас Улаанбаатар хотын аялал жуулчлалын төлөв байдлыг тогтоох сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч байна.
14/ Тус газарт 3 дугаар сарын байдлаар дээд газраас 4, түүнээс хариутай бичиг 1, бусад газраас 10, түүнээс хариутай бичиг 6, зочид буудлын зөвшөөрөл хүссэн 42, нийт 63 баримт бичиг ирснийг хүлээн авч, бүртгэн, хариуцсан мэргэжилтнүүдэд шилжүүлэн шийдвэрлэв. Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 7, боловсон хүчний чиглэлээр 2 тушаал гарган, 23 бичиг явуулж, нийт 32 албан бичгийг бүртгэн бланкан дээр буулган баримтжуулж, хүргүүлэв. Иргэд, ААН-ээс нийт 9 өргөдөл, гомдлыг хүлээн авч 3 өргөдлийг шийдвэрлэн 6 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэхээр ажиллаж байна.
15/ Засгийн газрын 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор газрын даргын 2015 оны А/15 дугаар тушаалаар албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлав. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/69 дүгээр захирамжийн дагуу газрын даргын 2015 оны А/18 дугаар тушаалаар тус газрын албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай журмыг шинэчлэн батлав. Тус газрын 2015 оны Авлигын эсрэг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлэв.
16/ Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/105 дугаар захирамжийн дагуу тус газрын даргын 2015 оны А/20 дугаар тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмын 4.2 дахь заалтыг өөрчлөв.
17/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2015 оны 03/740 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэргэдэх “Газрын даргын зөвлөл”-ийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, зөвлөлийн ажиллах журмыг хавсралтаар батлав.
18/ Talk Talk English гадаад хэлний сургалтын төвд тус газрын 3 мэргэжилтэн хамрагдаж байна.
19/ Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлэгт богино хугацааны сургалтад Мэдээлэл сурталчилгааны төвийн ажилтан Б.Оюунзул хамрагдан БНЭнэтхэг улсад суралцаж байна.
20/ НЗДТГ-аас зохион байгуулсан “Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн програм” сургалтад 3, нийслэлийн Архивын газраас зохион байгуулсан Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтад 1 мэргэжилтэн тус тус хамрагдав.
21/ Ажилтнуудад зориулсан 3-р сарын Мэдээллийн цагаар Хөдөлмөрийн яамны мэргэжилтэн Н.Мааяа, НХААГ-ын мэргэжилтэн Өлзийхишиг нарыг урин ирүүлж Хөдөлмөрийн тухай хуулийн өөрчлөлт, Худалдан авах ажиллагааны чиглэлээр мэдээлэл авлаа.
ХЯНАЖ ТАНИЛЦСАН:
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН
ГАЗРЫН ДАРГА Э.БАТТУЛГА
огноо…………………………………
ТАЙЛАНГ НЭГТГЭСЭН:
ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН Б.АМАРЗАЯА
огноо………………………………