МУГЖ Д.Алтанхуягийн удирдлагаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадам 2015 оны 6 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд Монгол Улсад болох гэж байна. Зохион байгуулсан тоглолт бүрээрээ балетын урлагийн хөгжлийг урагш ахиулахыг эрмэлздэг МУГЖ Д.Алтанхуяг энэ удаа АНУ, Куба, Испани, Япон, Казакстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа шилдэг балетчдын хамт оролцох юм. Монгол Улсаа олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах зорилго бүхий “Welcome to Mongolia–2015” наадмын бэлтгэл эхэлсэн бөгөөд Д.Алтанхуягийн продюсерээр ажиллаж буй энэхүү наадмын бүрэлдэхүүн Монгол Улсад тоглосныхоо дараа Япон Улсад тоглоно. “Welcome to Mongolia 2015” наадамд дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авъяасаараа номер нэгт тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан И, МУГЖ Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэхээс гадна олон улсад танигдсан шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульет” “Камеэллия хатагтай”, “Корсар”, “Мөлунруж”, “Травиата” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс Монголын үзэгчдэд толилуулах юм байна гэж Монголын балетын хөгжлийн сангаас мэдээллээ.