Улаанбаатарын өвлийн наадам 2026 оны 1- р сарын 31, 2-р сарын 01-ний өдрүүдэд “Скай резорт” цанын баазад зохион байгуулагдана.
Наадмын үеэр Монгол орны соёл уламжлалын хэлхээ болсон Мөсөн сурын харвааны Олон улсын аварга шалгаруулах тэмцээн, Мөсний шагайн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болон шинэ тутам хөгжиж буй Снөүбоард, Параглайдинг, Цасны Регби, Кёрлингийн спортын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн зэрэг мэргэжлийн тамирчид болон сонирхогчдийн дундах олон сонирхолтой тэмцээн уралдаан болох юм.
Үүний зэрэгцээ аялал жуулчлалын мэргэжлээр сонгон суралцаж буй оюутнууд мэдлэг чадвар, авхаалж самбаагаараа өрсөлддөг Гранд тур (winter cup) тэмцээн зохион байгуулагдах гэж байна.
Монгол орны үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлтой танилцахын зэрэгцээ шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг сонирхогч хүн бүрийг урьж байна.