2025 оны 4-р сарын 15,16-нд болсон Дэлхийн аялал жуулчлалын хотуудын холбоо (WTCF)-ны ээлжит уулзалтад Улаанбаатар хотыг төлөөлөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа болон Нийслэлийн Аялал жуулчлалын гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Д.Сайханчимэг нар оролцлоо.
Энэ хүрээнд Хотын дарга нарын форум, судалгааны үр дүн танилцуулах уулзалт, хотын брэнд бүтээлт ба гадаад жуулчлалын хөгжлийн форум, Хонгконгийн аялал жуулчлалын хөгжлийн форум, Бээжин–Хонгконгийн аялал жуулчлалын худалдааны яармаг, Бээжин хотын гадаад жуулчлалын бодлого, нөөцийн танилцуулга зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Чуулганд 43 улсын 60 гаруй хотын төлөөлөгчид оролцсон бөгөөд тэдгээрийн дунд WTCF-ийн гишүүн хотууд, байгууллагууд, олон улсын байгууллагууд, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд, эрдэмтэн судлаачид оролцсон. Чуулганы хүрээнд аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийн стратегиудыг хэлэлцсэн нь Улаанбаатар хотын хувьд олон улсын түвшний хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах чухал ач холбогдолтой байлаа.
Уулзалтын үеэр Улаанбаатар хотын төлөөлөгчид хотын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, хөгжлийн стратеги, соёлын өв, байгалийн үзэсгэлэнт газрууд болон ирээдүйн хамтын ажиллагааны боломжуудыг дэлгэрэнгүй танилцуулсан нь олон улсын оролцогчдын анхаарлыг татсан юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь олон улсын аялал жуулчлалын байгууллагуудтай хамтран ажиллаж, Улаанбаатар хотыг дэлхийн жуулчдын сонирхлыг татахуйц, аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэхээр зорьж байгаа юм.
Мөн Хонгконг болон Бээжин хотын 100 гаруй худалдан авагч, үйлчилгээ нийлүүлэгчид аялал жуулчлалын бизнес уулзалт хийж, ойролцоогоор 200 сая юанийн гэрээ хэлцэл хийсэн байна. Уг чуулга уулзалт нь аялал жуулчлалын салбарын өндөр түвшний, олон салбарыг хамарсан хамтын ажиллагаа, харилцааны платформ болохыг зорьсон бөгөөд WTCF-ийн олон улсын сүлжээ болон Хонгконгийн “Зүүн зүгийн сувдан эрдэнэ” хэмээх нэр хүндтэй, бүс нутгийн стратегийн хотын байр суурийг ашигласан томоохон арга хэмжээ болж өнгөрлөө.
WTCF нь 2012 онд Бээжин хотын санаачилгаар байгуулагдсан бөгөөд өнөөдөр дэлхийн 62 улс, бүс нутгийн 128 хот, 65 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, аялал жуулчлалын салбарт хотуудын хамтын ажиллагааг дэмждэг олон улсын байгууллага юм .





