Монголын дугуйн холбооны ЕНБД Т.Төгөлдөр Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, тус байгууллагын ажилтнуудтэй ажил хэргийн уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Д.Батсүх дарга НАЖГ унадаг дугуйг нийтийн хэрэглээ болгох, улмаар Нийслэл хот орчмын аялал, жуулчлалын шинэ соёлыг түгээх зорилгоор ирэх зун унадаг дугуйн өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлж, мэргэжлийн талаас хамтарч ажиллах санал тавив.
ЕНБД Т.Төгөлдөр хариуд нь уг санаачилга Монголын дугуйн холбооноос баримталдаг “Дугуйн спортыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, улмаар сонирхогч, хичээллэгчдийн хүрээг өргөжүүлж, залгамж халаагаа бэлдэх” бодлоготой нийцэж байгаа тул хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй” гээд, “Дэлхийн дугуйн өдөр” тохиодог зургадугаар сарын 3-ны өдөр зохион байгуулах саналаа илэрхийлсэн.
Талууд дараа нь санал солилцож ярилцсаар уг арга хэмжээг илүү өргөн хүрээнд буюу амралтын хоёр өдөр үргэлжлэх, мэргэжлийн болон сонирхогчдын дунд зохиогдох тэмцээн уралдаан, дугуйн спортыг сурталчлах өдөрлөгтэй, унадаг дугуйн худалдаа, үйлчилгээ бүхий, дугуйн спорт болон дугуйн спортын алдар цуут тамирчдыг таниулан алдаршуулах, мөн тэдэнд өөрийнхөө спортыг иргэдэд сурталчлах боломж бүрдүүлсэн, олон нийт цаашид хүсэн хүлээхүйц хэмжээний “Унадаг дугуйн баяр” болгож тэмдэглэхээр тохиров. Мөн цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.
Хөтөлбөрийн тухайд, ЕНБД Т.Төгөлдөр дугуйн спортын онцлог болох өндөр хурд, ур чадвар, тэсвэр тэвчээрийг харуулсан тэмцээн, уралдааныг мэргэжлийн тамирчдын дунд зохион байгуулбал хүүхэд залуус унадаг дугуйнд дурлах, байнгын хэрэглээ болгоход нөлөөлнө, мөн бага насны хүүхдүүдийн дунд “Balance bike”-ийн тэмцээн зохиовол эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ирж, унадаг дугуй нь гэр бүлийн хэрэглээ юм гэдэг агуулга илүүтэй харагдан, НАЖГ-ын хүсэж буй соёлыг сурталчлан хэвшүүлэхэд илүү тустай гэсэн санал дэвшүүлсэн.
Д.Батсүх дарга өөрийн ээлжинд Нийслэлээс авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дэвшүүлээд буй “Eco mobility” санаачилгатай уялдуулах үүднээс, хүүхэд залуусын ихээр сонирхож хэрэгдэх болсон скүүтер, суррон зэргийг хөтөлбөртөө оруулах боломжийг авч үзэхийг хүсч, зөвшөөрсөн хариу сонссон.
Улмаар талууд тус, тусын байгууллагын зүгээс бүрдүүлж чадах боломж, цаг хугацааг илэн далангүй танилцуулж, уг боломжуудын хүрээнд тус, тусын саналыг боловсруулахаар болов.
Хугацааны хувьд, эхний байдлаар ирэх тавдугаар сарын 17, 18-д байхаар товлож, тус бүртээ асуудлыг хэлэлцээд эргэж холбогдохоор тохирсноор уулзалт өндөрлөсөн юм.
Шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн Монголын дугуйн холбооноос дэвшүүлсэн, эхний ээлжинд Нийслэлийн хэмжээнд нийтээр тэмдэглэдэг “Унадаг дугуйн баяр”-тай болох зорилго ийнхүү ажил хэрэг болоход ойртож байна.
Эхний арга хэмжээ хамгийн чухал. Сонирхол татах, үзүүштэй байх, аюулгүй байдал талаас нь сайтар төлөвлөн зохион байгуулж чадвал энэ арга хэмжээ цаашид уламжлал болно. Өөрөөр хэлбэл, жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүд /тов өөрчлөгдөхгүй бол/ Монголын дугуйн холбооны хувьд календарьчилсан төлөвлөгөөнд чухал байр суурь эзлэх, спортоо сурталчлах том арга хэмжээ, нийслэлчүүдийн хувьд амралт чөлөөт цагаа унадаг дугуйтай нөхөрлөж, зөв боловсон өнгөрөөх боломж, Нийслэлийн аялал жуулчлалын газрын хувьд “Улаанбаатарын дугуйн баяр” гэдэг аялал жуулчлалын брэнд болж төлөвших юм.