СТАНДАРТЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
А/449
2014 оны 05 сарын 30 өдөр
Улаанбаатар хот
Стандартын үзлэг, шалгалт зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.5, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 25 дугаар зүйлийн 25.5.1, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа амралтын газар, гэр буудал, жуулчны баазын стандартын үзлэг, шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 09-нөөс 07 дугаар сарын 07-ны хооронд зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
2. Стандартын үзлэг, шалгалтыг зохион байгуулах удирдамжийг хавсралтаар баталсугай.
3. Үзлэг шалгалт зохион байгуулах дүүргийн ажлын хэсгүүдийг мэргэжлийн удирдлагаар хангаж, нэгдсэн дүнг 07 дугаар сарын 25-ны дотор нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг нийслэлийн Аялал жуулчлалын газар /Э.Баттулга/-т даалгасугай.
4. Стандартын үзлэг, шалгалт зохион байгуулахад шаардагдах зардлыг тус тусын дүүргийн холбогдох зардлаас гаргахыг дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
05 дугаар сарын 30-ны өдрийн
А/449 дүгээр захирамжийн хавсралт
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ
БАЙГАА АМРАЛТЫН ГАЗАР, ЖУУЛЧНЫ БААЗ, ГЭР БУУДЛУУДАД
СТАНДАРТЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ
Нэг. Зорилго
1.1. Нийслэл хотын нутаг дэвсгэрт амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудад аялал жуулчлалын салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх журам”–ын хэрэгжилтийг шалгах, илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, арилгах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд үзлэгийн зорилго оршино.
Хоёр. Хугацаа, хамрах хүрээ, бүрэлдэхүүн
2.1. Стандартын үзлэг, шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 09-нөөс 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудыг хамруулан зохион байгуулна.
2.2. Үзлэг шалгалтыг дүүрэг бүрд доорх бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгуулна. Үүнд:
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга /Ажлын хэсгийн ахлагч/
Дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч
Дүүргийн Цагдаагийн хэлтсийн байцаагч
Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ажилтан
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн
Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоо
Гурав. Удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
3.1. Дүүргийн Засаг дарга нь өөрийн дүүргийн нутаг дэвсгэрт явагдах үзлэг, шалгалтын ажлын хэсгийг байгуулах, энэхүү захирамжаар тогтоосон хугацаанд ажиллуулах, ажлын дүн мэдээг нэгтгэн нийслэлийн Аялал жуулчлалын газарт хүргүүлэх асуудлыг хариуцна.
3.2. Үзлэг шалгалтыг ажлын хэсгүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, дүнг нэгтгэх ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын газар хэрэгжүүлнэ.
3.3. Үзлэг шалгалттай холбогдсон зардлыг тухайн дүүргийн Засаг дарга хариуцан шийдвэрлэнэ.
3.4. Үзлэг шалгалтын ажлын хэсгийн дарга, гишүүд нь төрийн албан хаагчийн ёс зүйг чанд мөрдөж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна.
Дөрөв. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
4.1. “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага MNS 6043:2009″ стандартын хэрэгжилтийг шалгах, холбогдох арга хэмжээ авах, заавар зөвлөгөө өгөх.
4.2. Гал түймрийн улсын хяналтын дүрэм, Барилга байгууламжийн галын аюулгүй байдал /БНбД 21-01-02/, Галын аюулгүй байдал техникийн шаардлага /MNS 424451994/, Барилга доторх усан хангамж, ариутгах татуурга /БНбД 40-05-98/, Халаалт, салхивч ба агааржуулалт /БНбД 41-01-02/, Олон нийт иргэний барилга /БНбД 31-03-03/, Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл /БНбД 21-04-05/, Цахилгаан техникийн ажил /БНбД 3.05.06.90/ зэрэг стандарт, техникийн нормативуудыг хэрхэн биелүүлж байгаад хяналт шалгалт хийх
4.3. Үзлэгт хамрагдах байгууллагуудад “Садар самуунтай тэмцэх тухай хууль”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг шалгах
4.4. Үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад шаардлагатай зөвлөгөө, гарын авлага, материалаар хангаж, бизнес эрхлэгчдийн зүгээс тавьсан санал, хүсэлтийг хүлээн авч нэгтгэн тайлагнах
Тав. Үзлэг шалгалтын дүнг нэгтгэх, тайлагнах
5.1. Дүүргийн ажлын хэсгээс үзлэгийн мэдээг аж ахуйн нэгж байгууллага бүрээр гаргаж, дүүргийн Засаг даргад танилцуулсны дагуу нийслэлийн Аялал жуулчлалын газарт 2014 оны 07 дугаар сарын 15-ны дотор ирүүлнэ.
5.2. Нийслэлийн Аялал жуулчлалын газар дүүрэг тус бүрийн мэдээ, тайланг нэгтгэн нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 07 дугаар сарын 25-ны дотор ирүүлнэ.