Улаанбаатар марафон болно.
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 6 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагт “Улаанбаатар-Марафон” Олон Улсын марафон гүйлтийн тэмцээн, “Автоамшингүй өдөр”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн уралдааныг зохион байгуулахаар нийслэлийн Засаг даргын А/161 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.
Энэ жилийн “Улаанбаатар-Марафон” Олон Улсын гүйлтийн тэмцээн, “Автомашингүй өдөр”-ийг нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн түүхт ойн албаны үйл ажиллагаа болгон зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд хамрах хүрээг өргөтгөн гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын тамирчид, иргэд, их дээд сургуулийн оюутнууд, ЕБС-ийн сурагчид гээд 25 мянга гаруй иргэнийг хамруулахаар төлөвлөж байна.
Уралдаан 06 дугаар сарын 07-ны өдөр болох бөгөөд нийслэлд автомашингүй зорчих тодорхой бүс тогтоож, олон иргэд алхах боломжийг бүрдүүлэх юм. Харин уралдааны бүртгэл Нийслэлийн Биеийн тамир спортын газарт явагдаж байна. Удахгүй онлайнаар бүртгэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.