Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа зохиогдож байна

Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа зохиогдож байна

 Их эзэн Чингис хаан нүүдэлчдийн соёлыг “соёл иргэншил” болгон хөгжүүлсэн бөгөөд үүнийг өнөөдөр дэлхий дахинд “Нүүдлийн соёл иргэншил” хэмээн нэрлэдэг.

Соёлын биет бус өвийн нэг төрөл нь морьт харваа. Морьт харваачид 10 секундэд 150 метр зайг морьтой давхин туулах замдаа дөрвөн бай-д сум тавьдаг. Хурд хүч, эрэмгий зориг, цэц мэргэнийг нэгэн дор нэгтгэсэн Монгол соёлын биет бус өвийн төрөл Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа 2023 оны 09 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээнд дэлхийн 20 гаруй орны 90 гаруй харваачид хурд хүч, цэц мэргэнээ сорьж байгаа юм.

Морьт харвааны үүсэл хөгжлийн тухай товч мэдээлэл хүргэхэд, монгол морины түүхтэй салшгүй холбоотой ажээ. Тухайлбал:

Адууг гэршүүлж сургаж аж амьдралдаа хэрэглэх болсон нь барагцаалбал МЭӨ 4000 жилийн сүүл үед холбогдож байгааг судлаачид тогтоожээ. Нүүдэлчид морь, унаатай болсон нь тэдгээр овог, аймгууд алс холын бусад өөр аймгуудтай ойртож харилцах, тэдний утга соёл, оюуны боловсрол харилцан нөлөөлөхөд чухал ач холбогдолтой байжээ. Энэ үеэс морин дээрээс харвах, бургас цавчих, хатгах зэвсэг гарч иржээ. Энэхүү шинэ бүтээлийн нэг нь бөмбөг намнах тэмцээн юм. Морин цэргийн эрдэм чадлыг ахиулах, морин дээрээс харвах намнахад Хүннүгийн Шаньюй нар ихэд анхаарч байсан байна. X-XI зууны үед Кидан нар бөмбөг намнаж байсан тухай түүхэн мэдээ байдаг аж. Бөмбөг намнах тоглоом 40 нумын газар тус бүр 20 нумын зайтай газраас морьтой эсвэл босоо хүний хэмжээний гурван шон жагсаан босгож, гурван бөөрөнхий сур(бөмбөг) өлгөж, морины давхиут дунд богино модон сумаар гарамгай харвадаг байжээ.

Түүнчлэн 800 гаруй жилийн тэртээд монгол цэргүүд морин дээл дээр уухайлан  давхихын зэрэгцээ зэвт сум тавьж, эрхий мэргэнээ сорьдог байсан гэнэ.

Тиймээс “Морьт харваа” нь монголын өнө эртний уламжлалт соёлын өв төдийгүй Монгол Улсын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн  “Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага төрөлд албан ёсоор бүртгэгдсэн байдаг билээ.

Ингээд та бүхнийг эрч хүч, эрэмгий зоригийн шалгуур Морьт харвааны тэмцээнийг зорин ирж, үзэж сонирхохыг урьж байна.

Монгол соёлын биет бус өвийн төрөл Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа 2023 оны 09 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдаж байна.