Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол улсын Соёлын яам, Монголын Морьт Харваачдын Холбоотой хамтран 2023 оны 9-р сарын 01-10-ны өдрүүдэд “Хийморь” Морьт харвааны олон улсын нээлттэй наадам болон Олон улсын Морьт харвааны холбооны /IHAA/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.
Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдад Улаанбаатар хотыг сурталчлах зорилготой “Хийморь” олон улсын морьт харвааны тэмцээнийг 2019 оноос эхлэн зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил Монгол улс анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авч байна.
Энэ хүрээнд 2023 оны 9-р сарын 1- ний өдрөөс эхэлсэн “Хийморь” Морьт харвааны олон улсын нээлттэй наадам хоёр дахь өдрөө үргэлжилж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлттэй наадамд дэлхийн 12 орон болон Монгол улсын 80 гаруй тамирчин Скермиш буюу Түрэг харваа, Тавер буюу Унгар харваа, Монгол бөмбөг намнаа, Цуваа таван бай болон багийн төрөлд 3 өдрийн туршид өрсөлдөх бөгөөд “Хийморь” Олон улсын Морьт харвааны холбооны /IHAA/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 9-р сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол бөмбөг намнаа нь албан ёсны төрөл болон шинээр нэмэгдэж байгаагаараа онцлог болж байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, Өмнөд Солонгос, АНУ, Франц, Австрали, Канад, Герман, Унгар зэрэг дэлхийн 24 орны 80 гаруй тамирчин Скермиш буюу Түрэг харваа, Тавер буюу Унгар харваа, Польш харваа, Рэйд буюу Ази харваа, Монгол бөмбөг намнаа зэрэг таван төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорих юм.