Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 18 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл хангаж, төлөвлөсөн ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 25 байгууллага 658 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хэрэгжилт 65 хувьтай байна.
Төр, хувийн хэвшлийн халаалтын зуух, барилга байгууламжийг төвлөрсөн дулаан, цахилгаан, хий болон бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын 16 зуух, тусгай зөвшөөрөлгүй уур үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын 10 зуухыг цахилгаан болон хийн халаалтад шилжүүлжээ.
Сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэлтэд тогтмол хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Өдгөө 25 агуулахад 50 мянган тонн сайжруулсан түлшний нөөц бүрдүүлээд байна. Мөн авто зам, замын байгууламж, гүүрэн болон нүхэн гарц, хайс, хашлагын цэвэрлэгээ, үйлчилгээ, засвар арчлалтын ажлыг тогтмол хийж, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг даалгасан. Энэ хүрээнд 4511 метр урт хайс засварлаж, 500 гаруй тэмдэг засварлан, шинээр суурилуулжээ.
Он гарснаас хойш 61 мянган автомашин импортоор орж иржээ
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж тодруулсан юм.
Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн:
-Бүртгэлийн камерт өнгөрсөн долоо хоногт хамгийн багадаа 336 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон гэж бүртгэгдсэн бол ихдээ 478 мянга бүртгэгдсэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэж эхэлж байна. Ачаалал ихтэй гудамж, замуудын байршлыг гаргаж, түгжрэлийн уртыг тооцсон. Түгжрэлд нөлөөлдөг 8-9 цэг байгаа бөгөөд үүнийг үе шаттай шийдвэрлэвэл үр дүнд хүрнэ. Мөн зарим замд нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалт хийснээр хөдөлгөөний эрчим сайжирсан гэлээ.
Олон улсад ашигладаг уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтын ангиллыг тооцоолох диаграммын аргачлалаар Улаанбаатар хотын төвлөрлийн бүсийн 54 уулзварын нөхцөл шаардлагыг тодорхойлжээ. Энэ хүрээнд давхар түвшнээр зохицуулах шаардлагатай 26, тойрог замаар зохицуулах 23, гэрлэн дохиогоор зохицуулах гурав, зохицуулга шаардлагагүй хоёр уулзварын судалгаа гарчээ. Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг шийдэх гарц нь их багтаамжийн нийтийн тээвэр гэдгийг тодотгож байв. Түүнчлэн он гарснаас хойш буюу эхний хагас жилийн байдлаар 61 мянган автомашин Монголд орж ирснээс 59 мянга нь Улаанбаатар хотод явж байгаа юм.
Таван байршилд зам засварын ажил бүрэн дуусаж, хөдөлгөөнийг нээлээ
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Өнгөрсөн жил 12 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийсэн. Энэ жил 16 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байгаа бөгөөд одоогоор таван байршлын ажил бүрэн дуусаж, хөдөлгөөнийг нээсэн. Үлдсэн байршлуудын ажлыг хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө дуусгахаар ажиллаж байна” гэлээ.
Хотын дарга зам засвар, шинэчлэлийн ажлуудыг хөдөлгөөний эрчим нэмэгдэхээс өмнө буюу наймдугаар сарын 15-ны дотор дуусгахыг үүрэг болгов.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар автобусны парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобуснууд орж ирж байгаа бөгөөд дунд оврын 36, цахилгаан 15 автобус Замын-Үүдэд ирээд байгааг хэлэв.
Даншиг наадамд гаднаас 56 бөх, 50 гаруй эрдэмтэн оролцоно
“Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам 2023”-ын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх:
-Наймдугаар сарын 5, 6-нд Хүй 7 худагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоос 56 бөх, 17 уран бүтээлч, есөн орны монгол судлаач 50 гаруй эрдэмтэн ирэхээр болсон. Мөн үндэсний 256 бөхийн барилдаан, буриад болон өвөрмонгол бөхийн төрлөөр тус бүр 64 бөхийн барилдаан болно. Түүнчлэн жороо, хязаалан, их насны морьдын уралдаан, морьт харваа, сээр цохих, шагайн харваа, үндэсний сур харвааны тэмцээн, “Хүрээ цам ба майдар” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол үндэсний идээний үзэсгэлэн, “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал болох юм. Тэрчлэн цам харайх ёслол, лам нарын дунд ном хаялцах, балин урлалын тэмцээн болохоос гадна монгол хувцасны загварын үзүүлбэр, урлаг, соёлын тоглолт, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн гэлээ.
Хотын дарга зохион байгуулалтад онцгой анхаарахыг үүрэг болгов.
Боловсролын салбарт 158 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл өглөө.
-Улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн хөрөнгө оруулалт болон гаднын зээл тусламжаар нийт 158 төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж байна. Үүнээс 115 нь сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж, 31 нь их болон урсгал засвар, дөрөв нь инженерийн шугам сүлжээ, найм нь тохижилтын ажил байгаа юм. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 52 ажил хэрэгжиж байна. Есдүгээр сарын 1-н гэхэд найман цэцэрлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Арванхоёрдугаар сарын 31-н гэхэд нэг сургууль, 13 цэцэрлэгийн барилга ашиглалтад орох боломжтой гэлээ.
Нэгдүгээр анги, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг ил тод, нээлттэй зохион байгуулна
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бүх шатандаа эрчимжүүлж ажиллах.
- Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ үйлчилгээ болон засвар шинэчлэлтийн ажлыг баталсан графикийн дагуу хийж гүйцэтгэн, үер усны аюулаас тогтмол урьдчилан сэргийлж ажиллах.
- Авто зам, замын байгууламжийн засварын ажлуудыг хөдөлгөөний ачаалал эхлэхээс өмнө гүйцэтгэж дуусгахаар ажлаа зохион байгуулах.
- Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайтар хангуулж ажиллах.
- Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай, түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдалд болон хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах.
- “Даншиг наадам-хүрээ цам 2023”-ын бэлтгэлийг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, зохион байгуулалтад онцгой анхаарч ажиллах.
- Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр анги, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагааг хууль, тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй зохион байгуулах.
- 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан багш нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, сургууль, цэцэрлэгийн гадна болон дотоод орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах ажлыг үе шаттай зохион байгуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС