Бүтээн байгуулалт хийхдээ ногоон байгууламж сүйтгэхгүй байхыг анхаарууллаа

Бүтээн байгуулалт хийхдээ ногоон байгууламж сүйтгэхгүй байхыг анхаарууллаа

Нийтэлсэн огноо: 2023-07-20 20:51

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил зэрэг аливаа бүтээн байгуулалтыг хугацаанд нь дуусгахад анхаарахыг үүрэг болгов. Мөн ногоон байгууламж болон өмнө нь хийсэн ажлыг сүйтгэхгүй байх, бүтээн байгуулалтыг стандартын дагуу хийх зэрэгт шаардлага, хяналт тавихыг холбогдох албаныханд даалгалаа.

Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажлыг хангаж байна

Зүүн Азийн залуучуудын наадмыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд зохион байгуулна. Наадмын бэлтгэл ажлын талаар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-ийн захирал Д.Буяндэлгэр танилцуулав.

Спортын 12 төрлөөр зохион байгуулах тус наадамд 1300 гаруй тамирчин оролцож, дасгалжуулагч, албаны хүмүүс зэрэг нийт 1800 гаруй хүн Монголд ирэх тооцоо гарчээ. Мөн

наадмын үеэр 1400 гаруй сайн дурын ажилтан ажиллах юм. Түүнчлэн наадмын бэлтгэлийг төлөвлөгөөний дагуу хийж байгаа гэдгийг хэлж байв.

Хотын дарга болон зөвлөлийн гишүүд бэлтгэл ажлыг сайтар хангаж, зохион байгуулалтад анхаарах хэрэгтэйг онцолж байлаа. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, өндөр түвшинд зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.

“Дижитал хот”-ын хүрээнд 13 төсөл хэрэгжиж буй

“Дижитал хот” төслийн талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Б.Давааням танилцуулав.

Энэ хүрээнд Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн систем гэсэн хоёр бүлэгт хамаарах 13 төсөл хэрэгжиж байгаа юм. Цахим засаглалын хүрээнд найман төсөл хэрэгжиж байна. Тодруулбал, Хэсгийн ахлагчийн системээр нийслэлийн 204 хорооны 1900 орчим хэсгийн ахлагч 1.6 сая иргэнд төрийн анхан шатны үйлчилгээг цахимаар үзүүлэх боломж бүрдсэн. Харин Дижитал UB аппликейшнээр иргэд судалгаанд оролцох, нийслэлийн мэдээллийг цаг алдалгүй авах, өргөдөл, гомдол, санал хүсэлтээ илгээж, шийдвэрлэлтийг хянах боломжтой.

“Онлайн бизнес төв”-өөр дамжуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас бизнес эрхлэгч иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй 220 гаруй үйлчилгээг бүрэн цахимжуулсан. Өдгөө тус систем рүү 564 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгж хандаж, 15 мянга нь үйлчилгээ эрхлэхээр хүсэлт гарган, 10 мянга орчим нь зөвшөөрлөө баталгаажуулан, үйл ажиллагаа явуулж байна. E-school платформ нь сургуулиудын сургалтын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах, суралцагчдад зайнаас суралцах боломжийг олгох, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ боловсрол эзэмших үйл явцад оролцох нөхцөлийг бүрдүүлжээ. Өрхийн эрүүл мэндийн систем нь өрхийн эмнэлгийн ачааллыг тэнцвэржүүлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг авахад цаг хэмнэх зорилготой. Энэ хүрээнд ухаалаг цаг ашиглалтын системийг хамгийн их ачаалалтай 140 өрхийн эрүүл мэндийн төвд нэвтрүүлснээр үзлэгийн цагийг цахимаар болон киоск төхөөрөмжөөр авах, эмч нарын ачаалал буурах зэрэг давуу тал бий болох юм.

Газрын зургийн суурь систем /ubmap.ulaanbaatar.mn/ нь Улаанбаатар хотын авто замын газрын зургийн суурь систем, замын ачааллыг хянах, маршрутыг төлөвлөх, тооцоолох боломжийг бий болгох бол Хяналтын дашбоард /сити дашбоард/ нь тээврийн хэрэгслийн зорчилт, явсан дундаж км, нийтийн тээврээр зорчигчид, товчоодоор орж, гарсан тээврийн хэрэгслийн тоо зэрэг дата мэдээллүүдийг үүсгэнэ.

Тэгвэл Зам, тээврийн нэгдсэн систем нь таван төслөөс бүрдэнэ. Тухайлбал, RFID уншигч төхөөрөмжийн дэд бүтцийн ажлын хүрээнд 455 төхөөрөмж суурилуулсан. Шалган нэвтрүүлэх товчоодын системийн хувьд найман товчоог камер болон шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоногложээ. Ингэснээр товчоодоор орж, гарах тээврийн хэрэгслийн мэдээллийн сан бий болж, зөрчил илрүүлэлт нэмэгдэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн татвар,торгууль, даатгал, оношилгоонд хамрагдсан байдал зэрэгт цахимаар хяналт тавих боломж бүрдсэн. Хяналтын камерын системийн хүрээнд 80 гаруй камер суурилуулжээ. Харин Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний “Smartcar” системээр жолооч, иргэд хийгээд зам, тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн байгууллагуудыг нэгдсэн мэдээллээр хангаж, үйлчилгээ үзүүлэх юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ажлуудаа эрчимжүүлж, үр дүн гаргах хэрэгтэйг онцолж байв. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Хотын дарга цахим шилжилтийн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.

Ашиглалтын шаардлага хангахгүй 132 цахилгаан шат бий

Ашиглалтын шаардлага хангахгүй лифтийг шинэчлэх талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд нийт 8200 гаруй цахилгаан шат байдаг. Үүнээс 75 хувь буюу 6000 гаруй нь нийтийн зориулалттай орон сууцных бөгөөд улсын байцаагчийн ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлттэй 132 цахилгаан шат байна.

Цахилгаан шатны ашиглах хугацаа 20-25 жил байдаг боловч нийслэлийн хэмжээнд 21-ээс дээш жил ашиглаж байгаа 191, 16-20 жил болсон 737 цахилгаан шат байгаа юм. Үүнээс их эрсдэлтэй ангилалд орсон 323 цахилгаан шат байна. Эхний ээлжид ашиглалтын шаардлага хангахгүй болсон 132 цахилгаан шатыг шинэчлэхээр судалгаа хийжээ.

Хотын дарга цахилгаан шат, нийслэлийн хот, нийтийн аж ахуйн чиглэлийн тоног төхөөрөмж, машиныг шинэчлэх шаардлагатай. Гэхдээ энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийг оролцуулан, дан ганц төсвийн хөрөнгө оруулалтаар биш, бусад хөрөнгийн эх үүсвэрийг судлах хэрэгтэйг онцлов.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, шаардлага хангахгүй болсон цахилгаан шат болон хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг цогц байдлаар буюу машин, техник хэрэгслийг шинэчлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг судалж, танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Сэлбэ, Баянхошуу дэд төв орчмын гэр хорооллын газрыг НОСК дахин төлөвлөн барилгажуулна

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

НИТХ-аар Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ дэд төв орчмын 158 га, Сонгинохайрхан дүүргийн 7-10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошуу дэд төв орчмын 162 га талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлаар баталсан.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн явцад хариуцлагагүй аж ахуйн нэгжийн буруутай үйлдлээс болж төслийн ажлууд удаашрах, зогсох, иргэд хохирох тохиолдол гарч байна. Түүнчлэн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлын санхүүжилт төсөвт тусгагдаагүйгээс үүдэн дэд бүтцийн хязгаарлагдмал байдал үүсээд байгаа юм. Иймд иргэдийг хохироохгүй, баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төслийг үр дүнтэй, жишиг байдлаар хэрэгжүүлэх зорилгоор дээрх хоёр байршилд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах эрхийг Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-д олгож, батламжлуулах саналтай байгаагаа уламжиллаа.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Сэлбэ дэд төв орчмын 158 га, Баянхошуу дэд төв орчмын 162 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-д олгож, батламжлахаар болов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС