УЛААНБААТАР ХОТ ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОТУУДЫН ХОЛБООНЫ БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

УЛААНБААТАР ХОТ ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОТУУДЫН ХОЛБООНЫ БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

🌍 Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар 2023 оны 05-р сарын 08-12-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Чанша хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн хотуудын Аялал жуулчлалын холбооны дарга нарын дээд хэмжээний уулзалтанд оролцож байна.

🌍 Уулзалтыг нээж ХКН-ын Чанша хотын хорооны нарийн бичгийн дарга, Хунань мужийн Шяньжян бүсийн ажлын хорооны нарийн бичгийн дарга Тан Ён, Дэлхийн аялал жуулчлалын хотуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ян Шуо, Хятад улс дахь НҮБ-ын суурийн төлөөлөгч Сиддхарт Чаттержи, НҮБ-ын ЕНБД асан Бан Ги Мүн болон шинэ гишүүн хотуудыг төлөөлж Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөмөө үг хэллээ. Энэ үеэр Монгол улс, Улаанбаатар хот нь Дэлхийн хотуудын Аялал жуулчлалын холбооны 156 дахь гишүүн болсон батламжаа гардаж авсан юм.

🌍 Дээд хэмжээний уулзалтаар Аялал жуулчлалын сэргэлт: Сорилт ба хамтын ажиллагаа, Хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ аргачлал сэдэвт илтгэл болон 2023 оны аялал жуулчлалын эдийн засгийн чиг хандлага, Дэлхийн хотуудын Ковид цар тахлын нөхцөл дэх тогтвортой хөгжлийн тайланг хэлэлцэж, сэдэвчилсэн форум болон хөрөнгө оруулалтыг дэмжих хурал, B2B уулзалт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.

🌍 WTCF /World Tourism Cities Federation/ буюу Дэлхийн аялал жуулчлалын хотуудын холбоо нь “Аялал жуулчлалаар дамжуулан хотын амьдралыг хөгжүүлэх” гэсэн уриан дор Бээжин хотын санаачилгаар 2012 оны 9-р сарын 15-нд Бээжин хотод төв салбараа байгуулсан. Анх 58 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж, одоогийн байдлаар 73 улсын 146 хот, 218 гишүүн, 6 салбарын 73 олон улсын аялал жуулчлалын институци нэгдээд байна.

🌍 Олон улсын аялал жуулчлалын институцын салбарууд нь: аялал жуулчлалын агентлаг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, агаарын тээврийн компани, зочид буудал, санхүүгийн байгууллага, нисэх онгоцны буудлаас бүрддэг.

🌍 Уг холбоо нь дэлхийн аялал жуулчлалын цэцэглэлтэд хувь нэмэр оруулах, хот хоорондын хамтын ажиллагааг дэмжих, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ болон туршлагыг түгээх зорилготой байгуулагдсан.

🌍 WTCF-д элссэнээр Улаанбаатар хотыг гадаад, дотоодод сурталчлах, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоход томоохон хөшүүрэг болох юм.