Нийслэлийн засаг даргын тамгын газрын Нийгмийн салбарын байгууллагуудын “Хүний хөгжил, нийгмийн хөгжил” нэгдсэн өдөрлөг Жанжин Д.Сүхбаатарын талбайд 2023 оны 4-р сарын 26-27-ны өдрүүдэд болж байна.
Нэгдсэн өдөрлөгт Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Боловсролын газар, Биеийн тамир спортын газар, Нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн газар, Улаанбаатар театр, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан зэрэг 20 байгууллага оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан, иргэдэд үйлчилж байна.
Тухайлбал, Нийслэлийн Аялал жуулчлалын газар байгууллагын үйл ажиллагаа болон энэ онд хийгдэх арга хэмжээ, Улаанбаатар хотын автобустай аяллын хөтөлбөр, “Зөв цэвэр аялъя” аян, Аяллын боловсрол олгох хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөхөөс гадна зочлох үйлчилгээний байгууллагууд болон аялал жуулчлалын тур оператор компаниудын үйл ажиллагааг танилцуулж байна
Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газар амны хөндийн үзлэг хийн, мэдрэл, хараа шалгаж, эрүүл зөв хооллолт болон эрт илрүүлгийн талаар зөвлөгөө өгч байна. Харин Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсэж буй иргэдэд зөвлөгөө өгөх, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цахимаар авах хүсэлт илгээх талаар мэдээлэл хүргэж буй юм. Мөн Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжид сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн талаар мэдээлэл өгч, гадаад улсаас шилжин суралцаж буй ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн боловсролын баримт бичгийг Монгол Улсын боловсролын баримт бичигтэй дүйцүүлэх үйлчилгээ үзүүлж байна.
Тус өдөрлөг өнөөдөр, маргааш буюу дөрөвдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.