Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 2023 оны 05 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд Мишээл экспо төвд 9 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус үзэсгэлэн нь жилээс жилд цар хүрээ нь өргөжин 21 аймгийн төлөөллүүд оролцож, нутгийнхаа шинэ бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээ, “эвент” арга хэмжээ, зорин очих “онцлох” газруудын маршрут, үйлчилгээний байгууллага, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг бүхий л нөөц боломжуудаа олон нийтэд, аялал зохион байгуулагч тур оператор, агентуудад сурталчлан танилцуулдаг. Мөн дотоод, гадаадын аялал зохион байгуулдаг тур оператор компаниуд, авиа компаниуд, аяллын бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа сурталчлан борлуулалт хийхийн зэрэгцээ Монголчуудын аялах, очиж амрах дуртай гадаадын улс орнуудаас аялал жуулчлалын байгууллагууд өргөн бүрэлдэхүүнтэй ирж оролцдог болсон.
Энэ үеэр иргэд, аялагч та бүхэн мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, сонголтоо хийх, захиалгаа хямдралтай үнээр өгөх болон аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос хүртээмжтэй байдлаар авах боломжтой.
Тус үзэсгэлэн нь анх удаа олон улсын шинж чанартайгаар зохион байгуулагдах байгаа бөгөөд Цайны замын олон улсын аялал жуулчлалын гишүүн байгууллагуудын санал солилцох уулзалтууд болохоороо онцлог юм.
Уулзалтад ОХУ, БНХАУ –ын гишүүн хотуудын аялал жуулчлал хариуцсан байгууллагуудын төлөөлөл оролцож, гурван орны аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцоно.