ОХУ-ын Буриад, Эрхүү мужийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагчдын баг 12-р сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилж байна. Тэд “Монголд зочлох жил”-ийн хүрээнд хийгдэж байгаа хамгийн эхний ажил болох өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Шинэ жилээр -Монголд” хөтөлбөрийн бэлтгэл ажлыг сурвалжлан, ирэх жуулчдад зориулсан мэдээ, мэдээлэл бэлтгэх бөгөөд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө болон Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын дарга Д.Батсүх нартай уулзлаа.
12-р сарын 25-аас 1-р сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Шинэ жилээр -Монголд” хөтөлбөрийн хүрээнд Зочид буудал, жуулчны бааз, дэлгүүр худалдааны төв, эмнэлэг гоо заслын үйлчилгээ, спорт, бялдаржуулах төв, ресторан, зоогийн газар болон худалдаа, үзвэр үйлчилгээний байгууллагууд гадаадын жуулчдад хөнгөлөлт урамшууллын багц санал болгож оролцож байна. Тус хөтөлбөрт хамрагдаж байгаа газруудын үүдэнд таних тэмдэг бүхий нэгдсэн баннер, мэдээлэл байрлуулах бөгөөд жуулчид гадаад паспортоо үзүүлэн урамшууллаа эдлэх боломжтой. Энэ талаарх мэдээллийг www.ubwinter.com сайтад дэлгэрэнгүй байршуулах юм.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан холбоотойгоор ирэх жилд нэг сая жуулчин хүлээн авах зорилтыг дэвшүүлж, аялж, амрах таатай нөхцөл бололцоог бүрдүүлэхээр олон шат дараатай үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн, эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын нислэг, төмөр замын рейсийн болон улс хооронд зорчих автобусны тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна.