Нийслэлийн аялал жуулчлалын газар, МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл болон Монголын зочид буудлуудын холбоотой хамтран “Өвлийн аялал жуулчлал-Асуудал, Шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дээрх байгууллагуудаас гадна “Хүннү айр”, “Жуулчин”, “Тану тур”, “Wonder Mongolia” зэрэг аялал жуулчлалын тур оператор компанийн төлөөлөл оролцож, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, асуудал шийдлийн талаар хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд МҮХАҮТ-ийн дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд мэдээлэл хийж, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын хэлтсийн дарга Х.Содномдэмбэрэл “Хотын өвлийн аялал”, “Хүннү Ай”р компанийн захирал П.Мөнхжаргал “Өвлийн аялал жуулчлал ба агаарын тээвэр: Манжуурын өвлийн аяллын жишээ”, “Тану партнерс” компанийн ажилтан Т.Энхбат “UB winter sale төсөл”- ийн талаар танилцуулга хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр өвлийн улиралд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнүүдийн мэдээлэл, цаг хугацааг тодорхой болгох, жуулчдын хүсэл сонирхолд нийцсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах, авиа компаниудын нислэгийн хуваарь болон орон нутгийн нислэгийг эхлүүлэх, жуулчны бааз, амралтын газруудыг өвлийн улиралд ажиллуулах зэрэг асуудлуудыг хөндөж ярилцлаа.
Монгол улсын засгийн газраас 2023 оныг Монгол улсад зочлох жил болгон зарласантай холбогдуулан ирэх онд Монгол улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, жуулчны улирлыг уртасган, жилийн 4 улиралд жуулчин хүлээн авдаг болоход төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах асуудал нэн тэргүүнд тавигдаж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид энэ үеэр онцолж байсан юм.