“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР – 2022” АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР – 2022” АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

“Автомашингүй өдөр-2022” арга хэмжээ өнгөрөгч Ням гарагт болж өнгөрлөө. Тус үйл ажиллагааны үеэр “Нийслэлийн нийгмийн салбарын үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг” Жанжин Д.Сүхбаатарын талбайд болсон юм. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Мэдээллийн төвөөрөө дамжуулан газрын үйл ажиллагаа, зохион байгуулдаг эвент арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд танилцууллаа.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотод 2022 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр олон улсын чанартай урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 14 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс “Талын салхи” олон улсын мото наадам, Дээлтэй монгол наадам, UB food festival, Даншиг наадам, гадаад улсуудын соёл аялал жуулчлалын өдрүүд, Морьт харвааны олон улсын тэмцээн, явган алхалтын фестиваль зэргийг дурдаж болох юм.

Мөн Хүүхэд, залуучуудад Нийслэл хотын мэдээ мэдээллийг хүргэх, сурталчлах, хотын түүх соёлын дурсгалт газруудын талаар мэдлэг олгох зорилготой “City of nomads”, “City tour” төсөл, Улаанбаатар хотын өнөөгийн зураглалыг шинэчлэх “Google street view” төсөл, “Visit Ulaanbaatar” аялал жуулчлалын брэнд бий болгох төсөл, “Найрсаг Улаанбаатар -2” хөтөлбөр, Бүх нийтийн аяллын боловсролыг нэмэгдүүлэх “Зөв, цэвэр аялъя” хотын соёлыг түгээх аян гэх мэт олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллаж байна.

Дашрамд сонирхуулахад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулганы “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, автомашинаас бусад сонголтыг иргэдэд олгох уриан дор дэлхийн хотууд жил бүрийн есдүгээр сард “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэж ирсэн.

Энэ удаагийн арга хэмжээнд Сүхбаатарын талбайд иргэдэд зориулсан урлаг, спортын арга хэмжээнүүд, сонгодог дуурийн тоглолт болсон байна. Мөн дүүргүүд төв талбайд асар засаж, хөтөлбөртэй арга хэмжээг зохион байгуулжээ.

Мөн Сүхбаатарын талбайд “Спортлог Улаанбаатар” үйл ажиллагааг зохион байгуулж, Нийслэлийн есөн дүүргийн биеийн тамир, спортын хороод, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран нийслэл, дүүргээс 10 спортын төрлөөр 20 тэмцээн зохион байгуулж, дүүргүүдийн асарт сурталчилгаа явуулсан юм.