“ГЭР БА БАЙГАЛЬ” СХЕМ БОЛОВСРУУЛЖЭЭ

Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, доктор профессор Д.Гансүх, доктор профессор С.Эрдэнэтуул, Ян Вигстен, доктор профессор Д.Навчаа, П.Сувд нарын эрдэмтэд Монгол улсад нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Гэр ба байгаль” схемийн үзэл баримтлалыг боловсруулсан байна.

“Гэр ба байгаль” схем нь Баянхонгор, Говь-Алтай аймгуудын жишээн дээр тулгуурлан боловсруулсан Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар малчдын амьжиргааг дэмжих, зорилгоор нутгийн иргэдийн оролцоотой цогц схем юм. Энэхүү схемийн дагуу малчин өрхүүдийг аялал жуулчлалын үйл ажиллагаанд шууд болон шууд бус хэлбэрээр оролцуулах, тэднийг сүлжээнд хамруулах боломжит гарц арга замуудыг тодорхойлох юм.

Схемийг боловсруулсан эрдэмтдийн үзэж байгаагаар тухайн малчин өрх дурын нийгмийн сүлжээ ашиглан тур оператораар дамжуулалгүйгээр жуулчинтай шууд холбогдож, өөрийгөө сурталчлан, захиалга авч, үйлчилгээгээ үзүүлэх юм.

Схемд зааснаар үйлчилгээ үзүүлэх малчин өрхүүдийг 3 хэсэгт хуваана. Үүнд:

1. C  хэсэг буюу зөвхөн гэр, сууцаар хангах

2. В хэсэг буюу гэр сууц + хоолны үйлчилгээ

3. А хэсэг буюу гэр сууц + хоолны үйлчилгээ + аяллын үйлчилгээ.

Жуулчны үйлчилгээ үзүүлэх малчин өрхүүдэд анхан шатны стандарт тогтоож, стандартыг чанд мөрдүүлэх ажилд орон нутаг болон шинээр үүсгэн байгуулагдах зөвлөл ажиллах юм.