“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын Аялал Жуулчлалын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүд, Бодлогын Зөвлөлүүд, гишүүдийн зүгээс саналуудаа нэгтгэн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн яам, төрийн байгууллагынханд уламжиллаа. Үүнд:

1. Монгол Улсын аялал жуулчлалын салбарт бодлого төлөвлөлт хоцрогдож явж байгаа. Тиймээс аялал жуулчлалын салбарын бодлогын менежментийн төлөвлөгөөгөө сайжруулахад хамтарч ажиллах баг бүрдүүлэх, Сайдын Зөвлөлөөс гадна аялал жуулчлалын тур оператор, жуулчны бааз, зочид буудал гэх мэт бусад байгууллагуудаа оролцуулсан хэлэлцүүлгийг онлайнаар хийх,

2. Хуулийн шинэчлэлийн асуудлыг олон жил ярьж байна. Хуулийн шинэчилсэн найруулгаа ил тод тавьж салбарынхныхаа дунд дахиж хэлэлцүүлэг хийвэл ямар вэ?

3. Олон саяын үнэтэй судалгаанууд хийгдэж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ ажлуудыг үр өгөөжтэй байлгахын тулд нийт салбарынхныгаа оролцуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлбэл ямар вэ. Ялангуяа төсөл хөтөлбөрүүдэд оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах боломж бий юу?

4. 2022 оны нислэгийн хуваариудаа яаралтай гаргах, мөн цаашид урд оных нь 11дүгээр сард нислэгийн хуваариудаа гаргадаг болох,

5. Суудлын захиалга хийхэд урьдчилгаа төлөх нь компаниудын хувьд ихээхэн хүндрэл дагуулж байгаа учраас МИАТ компанийн зүгээс 2022 оны турш урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр суудал захиалах нөхцөлийг бүрдүүлэх,

6. Олон улсын туршлагаас харахад аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарынхан сар эсвэл долоо хоногоор тогтмол KPI үзүүлэлтүүд гаргаад түүгээрээ үндэслэн аливаа ажлуудынхаа үр дүнг үнэлээд цаашид юу хийх үү гэдгээ шийдээд төлөвлөөд явдаг. Монголд жил бүр ирдэг гэгддэг 500-600 мянган жуулчин гэдэг тоо нь өөрөө хэр бодит тоо вэ? Манай улс аялал жуулчлалын бодит өгөгдлүүдийг олон улсын энэ жишгээр хэзээнээс гаргаж эхлэх вэ. Энэ тал дээр МАЖХ санаачлаад төр нь дэмжээд, бизнесийн байгууллагууд нь нэгдээд явах боломж байгаа юу?

7. Төлбөр тооцооны хувьд гаднаас доллар орж ирэх урсгал хаалттай, онлайнаар картаар төлбөр хийх боломж байдаггүйгээс хувийн хэвшлийнхэн кредит картын мэдээллийг нь аваад араас нь татах зарчмаар ажиллаад явж байгаа. Тиймээс гадаадаас жуулчид карт ашиглан төлбөр тооцоогоо хийх нөхцөлийг бүрдүүлж, энэ төрлийн ажлыг түргэтгэвэл зочлох үйлчилгээний салбарынхан эрсдэлээ бууруулах, ирээдүйгээ төлөвлөх боломжтой болно гэж харж байна.

8. ГХЯ, Соёлын Яам, өөрийн Сайддаа хандаж хэлэхэд, Та бүхэн гадаад сурталчилгаа, маркетингийн ажил дээрээ аялал жуулчлалын салбарын компаниудынхаа саналыг сонсооч гэж хэлмээр байна. Болгар улс гэхэд л ЗГ нь аялал жуулчлалын үзэсгэлэнгийнхээ гадаад сурталчилгааны брэндингийг дөрвөн жилээрээ тогтоогоод, гаргаад өгчихдөг. Гэтэл манай улс үзэсгэлэн болохоос бараг сарын өмнө гэнэтхэн бүгдийг нь цуглуулж, ямар ч үр бүтээлгүй, аргацаасан байдлаар өнгөрөөдөг байдлаасаа салмаар байна. Энэ мэт ажлыг төлөвлөгөө, алсын хараатайгаар хийдэг болох талаар анхаарч ажиллана уу.

9. Зуны улиралд Монгол Улсын хэмжээнд 400 гаруй наадам болдог. Бүгдийг нь нэгэн зэрэг зохион байгуулснаараа маш том соёлын өв болсон наадмаа ашиглаж, жуулчдыг татах боломжоо хангалттай ашиглаж чадахгүй байна уу гэж харагддаг. Тиймээс дэс дараатай аялал жуулчлалын тодорхой маршрутын дагуу зохион байгуулдаг болбол ямар вэ. Үүнд төр тодорхой захирамж гаргаад орон нутгийн удирдлагуудад чиглэл өгч ажиллавал нэг дор төвлөрөх, бөөгнөрөл үүсэх асуудал ч багасах болов уу.

Эх сурвалж: Монголын Аялал жуулчлалын холбоо