Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв (БОАЖЯ-ны харъяа ТӨҮГ)-тэй 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэ үеэр Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал С.Бат-Эрдэнэ Монгол Улсыг зорин ирэх жуулчны урсгалыг нэмэгдүүлэх, Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, инноваци нэвтрүүлэх зорилтуудын хүрээнд богино болон дунд хугацааны сургалтын хөтөлбөрийг боловсруулж, мэргэшүүлэх сургалтуудыг хамтран зохион байгуулах мөн Хөшигийн хөндий дэх Олон Улсын шинэ нисэх буудалд ISO стандартад тулгуурласан, орчин үеийн “Жуулчны мэдээллийн төв”-ийг төвийг байгуулж, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, Жуулчны мэдээллийн төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Шинэ “Жуулчны мэдээллийн төв” ирэх 7 дугаар сард нээлтээ хийх бөгөөд аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгч байгууллагууд сурталчилгааны мэдээллээ үнэ төлбөргүй байршуулах боломжтой юм.