Нийслэлийн Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд хүүхэд залуус, өсвөр үеийг шинжлэх ухаанч хандлагад уриалах, бүтээлч байдлыг дэмжиж, урам зориг төрүүлэх зорилгоор Монголын Сансрын Судалгаа Хөгжүүлэлтийн Төв /МАРСА/ санаачлан Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Бидний бүтээл сансарт” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа.

Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Эрдэм шинжилгээ, судалгааны тусгай зориулалт бүхий Улаанбаатар хотын агаарын чанарыг хэмжих тусгай мэдрэгчүүдийг байрлуулсан “БИД” гурван цуврал “Сансрын бөмбөлөг”-ийг “Бидний бүтээл сансарт” уралдааны шилдэг 3 бүтээл, сугалаанд бүртгүүлсэн иргэдээс тодруулсан 380 азтай иргэдийн нэрсийн хамт сансарт хөөрөглөө. Ингэснээр Монгол Улс нь хотынхоо төв талбайгаас задгай сансарт бөмбөлөг хөөргөсөн Дэлхийд анхдагч улс болон тэмдэглэгдэх юм.