Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, жуулчдын сонирхлыг татах арга хэмжээний тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Японы Шёова холдинг группын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газартай хамтран 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Богдхан ууланд “Богдхан уулын трейл 2019” олон улсын гүйлтийн тэмцээнийг 64, 21, 10 км-ийн зайд зохион байгууллаа. Олон улсын трейл раннинг холбоо, /ITRA/ болон “Азийн трейл мастер” холбоонуудын гишүүн болох уг тэмцээнд амжилттай оролцсон тамирчид ITRA-гийн 3 оноо авч дэлхийн хамгийн том ултра трейл уралдаан болох “Ultra trail Mont blank”-д оролцох эрхийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.

Энэ удаагийн тэмцээн нь Хөшигтийн хөндийгөөс Манзуширийн хийд, Цэцээ гүн, Зайсан толгой чиглэлд зохион байгуулагдсан бөгөөд гадаадын 10 гаруй орны 70 гаруй, дотоодын 90 гаруй тамирчид насанд хүрэгчид, ахмад, өсвөр үе зэрэг насны ангилалд оролцсон бөгөөд энэ жилээс олон улсын онооны тэмцээн болсноор өнгөрсөн жилтэй харьцуулахад гаднаас ирсэн тамирчдын тоо өсөх хандлагатай байна.