Эрт цагаас өнөөг хүртэл уламжлагдан ирсэн үндэсний спортын нэг бол сур харвах. Нум сум харвах тэмцээний үед уухайлдаг ёс бий. Уухай бол сур, шагай харвахад харваачдыг хөгжөөх дуудлага юм.

Мөсөн сур харвахад доорх аялгууг нэгэн удаад гурав гурван удаа эгшиглүүлдэг байна:

  • Магнай-Магнай – өөрийн талын ахлагчид тоглолтын эхэнд хийх урилгын уухай
  • Хормой-Хормой буюу хормойлуул – өөрийн тал (баг)-ын харваачийг онох болтугай гэсэн уухай
  • Дагуул- Дагуул – удаах сумаараа онох болтугай гэсэн уухай
  • Уухай, Хай даа – чих онож гаргасан өөрийн талын харваачид баяр илэрхийлсэн уухай
  • Хууг-Хууг – эсрэг тал (баг)-ын харваачийг самгардуулах уухай
  • Гилэн тош – эсрэг тал (баг)-ын харваачийг бүү оноорой гэсэн утгатай уухай

Монголчууд нэн эртнээс уухайлах ёсыг хийморь сэргээн жавар үргээдэг хэмээн бэлэгшээдэг байна. Иймд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд зохион байгуулагдах өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-д хүрэлцэн ирж Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгайтай танилцахыг урьж байна.