Дэлхийн бүх улс, хотууд сүлд тэмдэг ашигладаг бол аж ахуйн нэгж, компаниуд өөрсдийн гэсэн логотой байдаг. Сүлд тэмдэгээр аль улсын ямар хот бэ гэдгийг таньдаг бол логогоор ямар компани бүтээгдэхүүн гэдгийг таньж мэддэг. Мэдээллийн технологийн эрин зууны хувьсгалыг даган дэлхийн томоохон хотууд өөрсдийн сүлд тэмдгээс гадна брэнд лого ашиглаж эхэллээ. Хотууд өөрсдийн брэнд лого бий болгож, тухайн хотын онцлогийг харуулсан брэнд, арга хэмжээнүүдэд ашиглаж байна. Зарим хотууд тухайн хотод үйлдвэрлэгдсэн бүх бараанд хотын брэнд логог байрлуулж, сурталчилж, түүгээрээ дамжуулан хотоо давхар сурталчилдаг маркетингийн шинэ аргыг хэрэгжүүлж байна. Брэнд лого ашиглаж сурталчилгаа хийх нь хотын эерэг имиджийг бий болгож, тухайн хотыг зорих жуулчдын урсгалыг бий болгодог байна. Монгол улсын Засгийн газраас 2020 он хүртэл Улаанбаатар хотын эерэг имиджийг бий болгож Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, аялал жуулчлалын тэргүүлэх хот болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ.

    Уг зорилтын хүрээнд Улаанбаатар хотын дүр төрхийг төлөөлж, хотын эерэг имидж бий болгох, хотын хөгжлийн чиг хандлага, иргэдийн хүсэл тэмүүллийг илэрхийлсэн олон төрлөөр ашиглаж цаашид брэндинг хийх зорилгоор зохион байгуулсан “Улаанбаатар брэнд лого шалгаруулах уралдаан”-г Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулж шилдэг оролцогчдыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

Тэргүүн байранд Б.Яруусайхан, дэд байранд Г.Баттогтох, гуравдугаар байранд Т.Эрдэнэтуяа нарыг тодруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа