Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУ-ын Чежү хотын Аялал жуулчлалын газар, “Чежү Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд олле стандартын дагуу явган аяллын чиглэл тогтоон тэмдэгжүүлэх ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Олле явган аяллын чиглэлийг Горхи Тэрэлжийн БЦГ, Богдхан уулын ДЦГ-т тус бүр нэг нэг чиглэлийг тогтоож зам дагуу тэмдэг, тэмдэглэгээ байрлуулан Монгол Олле явган аяллын чиглэлийг нээсэн билээ. Нээлтийн ажиллагаанд БНСУ-аас 300 явган алхагчид ирж тус замаар явган аялал хийж байв.

Энэ удаад Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Чежү Олле” нийгэмлэгтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд “Монгол Олле явган аяллын Жуулчны мэдээллийн төв”-ийг байгуулахаар тохиролцлоо.

Олле гэдэг нь Чежүгийн эртний аялгаар “гудамж талбайгаас гэрийн хашаа хүртэлх нарийхан зам” гэсэн утгатай үг бөгөөд БНСУ-д 2006 оноос хойш Чежү арлыг тойрсон 26 курс, 425 км явган аяллын чиглэлийг тэмдэгжүүлсэн байдаг аж.

Олле явган аяллын чиглэл нь Солонгос улсад хурдан хугацаанд хөгжиж, олон хүний алхах дуртай зам болсон бөгөөд зам дагуух тэмдэг, тэмдэглэгээ нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй материалуудаар хийгддэг. Өмнө нь Япон Улсад нээгдсэн бөгөөд Монгол Улс олле явган аяллын стандартын замтай гурав дахь орон болсон юм.