Нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлж амрах цэгүүдийг тохижуулан 2017 оны 12 сарын 01-ний өдөр нээлээ.

Тохижилтын нээлтийн үеэр нийслэлийн Аялал, жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо хүрээлэн оршдог дөрвөн их хайрханд явган аяллын замыг тохижуулна гэсэн заалт байгаа. Тус зорилтын хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас 2016 онд Богдхан ууланд аяллын замыг тохижуулж байсан бол өнөөдөр хоёр дахь тохижилтын ажлынхаа нээлтийг хийж байна. Дараа жилүүдэд үлдсэн хоёр хайрхандаа тохижилтын ажлыг хийх болно” хэмээлээ.

Тус явган аяллын замын дагуу ширээ сандалтай сүүдрэвчүүд, мэдээллийн самбаруудыг байршуулж, зүг заасан анхааруулах тэмдгүүдийг суурилуулан тохижуулснаар иргэд тохилог аяллын замаар алхан амралтын өдрөө цэвэр агаарт өнгөрөөх боломжтой боллоо. Тус газраас тохижилтын ажлын ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгөв.

Мөн 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн нийт 3,6 км явган аяллын замыг олон улсын стандартын дагуу тус газраас тохижуулан нээж байсан бөгөөд амралтын өдрүүдээр 4000-5000 иргэд алхдаг нийслэлчүүдийн хамгийн их зорчдог  маршрут болжээ.