1698Хүндэт зочид төлөөлөгчид, хатагтай ноёд оо 

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил “ сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын бага хурлыг зохион байгуулж байгаад Улаанбаатарчуудынхаа өмнөөс талархлаа илэрхийлье

Энэхүү хуралд НҮБ-н Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын “Торгоны зам хөтөлбөрийн 33 гишүүн улсуудын сайд нарын төлөөлөл болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

2000 гаран жилийн өмнө Хүннү гүрний үеэс Монголчууд торгоны замтай холбогдсон, Их монгол улсын нөлөөн дор энэ зам улам хөгжин цэцэглэж байсан түүхтэй.

Торгоны зам зөвхөн худалдааны зам төдийгүй, элчин харилцаа, технологи , шинжлэх ухаан , соёл дамжих дэлхийн гол судас, гүүр болж байсан юм. Марко Пологийн аялалыг ч торгоны зам хөтөлсөн.

Дорно, өрнө,  өмнөд, умардыг холбосон торгоны замыг дагасан түүх соёлын үнэт дурсгалууд үлдэж хоцорсон байдаг.

Өнөөдөр шинэ утга агуулгаар өргөжин баяжуулж, өрнө дорныг дахин уулзуулах “Торгоны зам” хөтөлбөрийг бид хамтдаа хэрэгжүүлэх гэж байгаа нь туйлын ач холбогдолтой юм. Торгоны замын хөтөлбөрийн идэвхтэй оролцогч нь байхын тулд бид аялал жуулчлалын салбарт өрсөлдөх чадвараа дээшлүүлж, жуулчдад ээлтэй хот болохыг хичээн ажиллаж байна. Бид зүүн хойд Азийн бизнес , соёл , аялал жуулчлалын төв болох зорилтыг өмнөө тавьсан

Дэлхий даяар тогтвортой хөгжил, соёл , иргэншил байгаль дэлхийгээ хадгалан үлдэх хөгжлийн шинэ эринд алхан орж байна.

Хурлаар , шинэ санаа дэвшүүлж, харилцан туршлагаа хуваалцаж, боломж бололцоо олноор нээгдэнэ гэж найдаж байна.

Та бүхэн Монгол улсад ирэхээр шийдсэн бол заавал манай Улаанбаатар хотод ирнэ. Дайран өнгөрдөг төдий биш, зорин ирж, тухлан саатдаг хот болгохыг бид зорьж байгаа.

Улаанбаатар бол залуу эрч хүчтэй , метрополис хот. Улаанбаатар бол уламжлал түүх соёлоо хадгалсан хирнээ өдрөөс өдөрт өөрчлөгдөн хөгжиж байгаа орчин үеийн хот. Улаанбаатар бол уулсаар хүрээлэгдсэн ногоон хот. Улаанбаатар бол амар амгалан, аз жаргалтай иргэдтэй аюулгүй хот

Улаанбаатарт тавтай морилж, тухлан саатна уу