НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 

2015 ОНЫ 02 ДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН

АЖЛЫН ТАЙЛАН

 

1/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэх 13 иргэн, ААН хүсэлт гаргаснаас шаардлага хангасан 2 зочид буудал, 6 дэн буудалд 2015 оны 02 дугаар сарын 27-ны А/14 тоот тушаалаар зөвшөөрөл олгов.

2/ Улаанбаатар хотын хэмжээнд аялал жуулчлалын салбарын эдийн засаг, нийгэм, соёлд үзүүлж буй нөлөөллийн судалгаа явуулахаар 3 компанид судалгааны үнийн санал, танилцуулгыг албан бичгээр хүргүүлсэн ба Маркетметрикс ХХК, Эй Ай Си Эй ХХК-аас үнийн санал болон судалгааны төсөл ирээд байна. Судалгааны ажлын үндсэн чиглэл нь аялал жуулчлалын эдийн засгийн нөлөөллийг тодорхойлоход чиглэгдэнэ.

3/ Аялал жуулчлалын ур чадварын төвтэй хамтран “Зочид буудал, зоогийн газар, зочлох үйлчилгээний мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгуулж Баянзүрх дүүргийн ААН-үүдийн нийт 18 хүн хамрагдав. Тус сургалтыг гурван одтой “Эдельвайс” зочид буудлыг түшиглэн Недерланд улсын экспертүүдийн боловсруулсан хөтөлбөрийн дагуу дадлага, онол хослуулан зохион байгуулав.

4/ Орос хэлтэй хөтөч, тайлбарлагч нарт зориулсан орос хэлний ярианы гарын авлагын эхийг бэлтгэх ажлын гүйцэтгэх гэрээг Монголын зочид буудлуудын холбоотой байгуулж ярианы гарын авлагын эхийг хянах ажил хийгдэж байгаа ба нийт төсөв 500,000 төгрөг зарцуулав.

5/ Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах хэлтэстэй хамтран Цагдаагийн 20 ажилтанг гадаад хэл, соёлтой харьцаа хандлагын сургалтанд хамруулах, 5 дугаар сараас жуулчны “Оюутан цагдаа” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

6/ БНХАУ-н зах зээл дээр ажиллах “Монгол-Хятадын аялал жуулчлалын зөвлөл” Монголын Аялал Жуулчлалын Холбооны дэргэд байгуулагдсан ба 2015 онд БНХАУ-ын Бээжин хотод болох “Beijing International tourism expo”, Шанхай хотод болох “Shanghai International Travel expo” үзэсгэлэнд оролцохоор бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган зөвлөлийн гишүүдэд танилцуулахад бэлэн болоод байна.

7/ Улаанбаатар хотын аялал жуулчлалын үзмэр, түүх соёлын дурсгалт болон онцлог газар, төрийн өмчит соёл урлаг, үзвэр үйлчилгээний болон төрийн үйлчилгээний байгууллагуудыг багтаасан нийт 200 газрын товч мэдээлэл, гэрэл зургийг дэлхийн хайлтын систем болох google-н газрын зураг дээр тэмдэглүүлэх ажлыг Map Maker Mongolia-тай хамтран хийхээр гэрээ байгууллаа.

8/ БНХАУ-ын аялал жуулчлалын зах зээлийн өнөөгийн байдал, жуулчдын онцлог, болон хятад жуулчдыг бүлгээр аялуулах журмын хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх нөхцөл боломж, шаардлага” сэдэвт судалгааг “Морьт Хангай” ХХК-аар гүйцэтгүүлэхээр гэрээ байгууллаа.

9/ Тус газрын Гадаад зах зээл, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Гансувд, Мэдээлэл, сурталчилгааны төв хариуцсан мэргэжилтэн Д.Энхбаяр нар 2015 оны 01 дүгээр сарын 25-наас 2 сарын 1-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын Аялал жуулчлалын газартай хамтарсан 3 улсын Аялал жуулчлалын уулзалтанд оролцов.

10/ UBS телевизээс зохион байгуулсан “Улс төрд шинэ манлайлагч” зорилтод төсөлд тус газрын Хот орчмын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Б.Ербахыт амжилттай оролцож АНУ-ын Вашингтон хотод 1 сар суралцах эрхээр шагнуулж байгууллагаас 1 сарын хугацаатай чөлөө болон 300.000 төгрөгийн буцалтгүй тусламжийг олгов.

11/ Нийслэлийн Архивын газрын 2015 оны төлөвлөгөөт сургалтад тус газрын Архив бичиг хэргийн эрхлэгч хамрагдав

12/ Talk Talk English гадаад хэлний сургалтанд тус газрын 10 мэргэжилтэн хамрагдаж байна.

13/ Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/57 тоот захирамжийн дагуу 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан Улаанбаатарын өвлийн наадам арга хэмжээний үеэр ажлын хариуцлага алдаж, талбайн цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллаагүй Эвент хариуцсан мэргэжилтэн Б.Оюунзул, талбайн тохижилтын ажлыг дутуу хийж гүйцэтгүүлсэн Мэдээллийн технологи хариуцсан инженер Д.Монголхүү нарт сануулах сахилгын шийтгэл, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/94 тоот захирамжийн дагуу ХБНГУ-ын Берлин хотод зохиогдох “Ай-Ти-Би-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд ашиглах сурталчилгааны материал, хэвлэлийн мэдээ бэлтгэх явцад ажлын хариуцлага алдаж хугацаа хоцроосон Маркетинг сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн М.Болортуяад сануулах, Бүтээгдэхүүний хөгжил хариуцсан мэргэжилтэн Д.Жаргалсайханд цалинг 1 сар 20% бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулав.

14/ Тус газрын цахим хуудсыг Шилэн дансны тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн шинэчлэх ажлыг “Монголын нью маркет” компанитай гэрээ байгуулан гүйцэтгэв.

15/ Сар шинийн баярын өдрүүдэд тус газрын эрхлэх ажлын хүрээнд хариуцлагатай эргүүлээр ажиллах ажилтанг газрын даргын тушаалаар баталж ажиллуулав.

16/ ХАСХОМ-ийг 2015 оны 02 дугаар сарын 14-ны дотор цаг хугацаанд нь гаруулан авч ХАСХОМ 1, ХАСХОМ 2, ХАСХОМ 3, ХАСХОМ 4 мэдээг маягтын дагуу гарган Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэв.

17/ Жуулчны мэдээллийн төвүүдээр 1 дүгээр сард нийт 45 жуулчин, жуулчны лавлах утсаар 12 гадаадын жуулчин тус тус үйлчлүүлсэн ба Мэдээлэл сурталчилгааны төвөөр үйлчлүүлсэн жуулчдаас Улаанбаатар хотын аялал жуулчлалын төлөв байдлыг тогтоох сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч байна.

18/ Тус газарт 2 дугаар сарын байдлаар дээд газраас 10, түүнээс хариутай бичиг 6, бусад газраас 6, түүнээс хариутай бичиг 4, өргөдөл гомдол бичгээр 30, нийт 56 баримт бичиг ирснийг хүлээн авч, бүртгэн, хариуцсан мэргэжилтнүүдэд шилжүүлсэн ба нийт 8 баримт бичгүүдийн гүйцэтгэлийг бүртгэж авлаа. Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 5, боловсон хүчний чиглэлээр 3, явуулсан бичиг 24, нийт 24 албан бичгийг бүртгэн бланкан дээр буулган баримтжуулж, хүргүүлсэн.

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                          Э.БАТТУЛГА

 

 

ОГНОО…………………………………

 

 

ТАЙЛАНГ НЭГТГЭСЭН:

ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                         Б.АМАРЗАЯА

 

ОГНОО………………………………