Энэхүү үйл ажиллагааг Япон улс дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, Монгол улс дахь Япон Улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Лэтс трэвел ХХК-тай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн Япон улсаас Softbank Group, SB Players, Табиризм компаниуд хамтран зохион байгуулагчаар оролцоно.

Тус наадам нь “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор зохион байгуулагдах бөгөөд Монгол, Япон хоёр орны ард иргэд, бизнесийн байгууллагуудын хооронд гүүр болох зорилготойгоор 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

“Япон Соёлын Наадам 2019” нь энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагт явагдах бөгөөд тус наадмын үеэр Япон улсын соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд танилцуулж жинхэнэ Япон уур амьсгалыг мэдрүүлсэн наадам хийхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар Япон улсаас 120 орчим урлаг соёл, бизнесийн байгууллагуудын төлөөлөгч нар оролцохоор тодорхой болоод байгаа төдийгүй Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Япон улстай холбоотой боловсрол, худалдаа, урлаг соёлын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Оролцогч байгууллагууд нь тус наадмын гол ивээн тэтгэгч байгууллагууд байж өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулж ажиллана.

Өдөрлөгийн үеэр Японы үндэсний хөгжмийн хамтлаг болох “Этосетора” хамтлаг тоглолтоо сонирхуулах бөгөөд, Япон кимоно өмсөж зургаа авахуулах, Японы олон төрлийн хоолыг амтлах, Япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах зэрэг олон хөтөлбөрт хамрагдаж хонжвортой сугалаа, урамшуулалд оролцож цагийг үр бүтээлтэй, хөгжөөнтэй, дурсамжтай өнгөрүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Налгар намрын амралтын өдрөөрөө Наран улсын соёлтой танилцаж бидэнтэй хамт байгаарай.